Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулж яваа хүмүүс бол яах аргагүй хилчин бүсгүйчүүд. ХХЕГ-ын газрын даргын тушаалаар хилчин эмэгтэйчүүдийн нэгдсэн цугларалтыг зургаан сарын эхний өдрүүдэд Монгол улсынхаа нийт хилийн хэсэгт нэгэн зэрэг бүсчилсэн хэлбэрээр зохион байгууллаа. Энэ нь Хил хамгаалах байгууллагын хэмжээнд анх удаагаа хилийн зурвас дээр буюу дархан хилийн застав дээр төвлөрөн зохион байгуулагдсан томоохон арга хэмжээ гэдгээрээ ихээхэн онцлогтой.

            Эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн хил хязгаар нутагт ажиллаж, амьдарч буй хилчин бүсгүйчүүд, хилийн заставт ажиллаж, амьдарч буй бүсгүйчүүдээ бүрэн хамруулж, хоёр өдрийн турш нэгэн зорилгын дор нэгдэн чуулж, харилцан туршлага солилцож, өөрсдийн нийгмийн асуудлын хүрээнд олон сэдвийн дор ярилцаж байна. Говь цөл, тал хээр, ой тайга, уулын гээд дөрвөн бүсийн зургаан хэсэгт зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалтын хөтөлбөрт төрөл бүрийн хичээл сургалт багтсанаас гадна, өөрсдийн хийсэн гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг гаргах, урлаг уран сайхан, спортын тэмцээн уралдаанаар өрсөлдөж авхаалж самбаагаа сорих зэрэг олон хөтөлбөр багтжээ.

Мөн энэ удаагийн хилчин бүсгүйчүүдийн чуулга уулзалтаар улсын хил дээр ажиллаж буй бүсгүйчүүдээс гадна хэдийгээр өөрөө Хил хамгаалах байгууллагад ажилладаггүй ч гэр бүл нь хилчин бүсгүйчүүдийг урьж оролцуулсан нь тэдний талархлыг хүлээсэн юм. Мөн Хил хамгаалах ерөнхий газарт ажилладаг хилчин бүсгүйчүүдийн төлөөлөл анх удаа улсын хилдээ хүрч, хилтэйгээ, хилчидтэйгээ танилцсан нь арга хэмжээний өөр нэг онцлог байлаа.