Сүүлийн өдрүүдэд www.mminfo.mn, www.erdenetnews.mn цахим хуудсанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Материал техникийн хангамжийн хэлтсийн менежерүүдийн ажлын ширээ, баримт бичигт хийсэн шалгалтын талаар ташаа мэдээлэл гарч байгаатай холбогдуулан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс албан ёсоор дараах мэдэгдлийг хийж байна.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хуулийн хэлтэс нь компанийн хэмжээнд хууль тогтоомж, компанийн дүрэм, журам, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх эрхтэй.

Хуулийн хэлтсийн хуульчид Материал техникийн хангамжийн хэлтсийн менежерүүдийн албан ширээ, баримт бичигт Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд шалгалт хийсэн болно.

Иймд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь аливаа асуудалд ул суурьтай, нухацтай хандаж, олон нийтэд үнэн зөв бөгөөд бодит мэдээлэл хүргэх эрх, үүргийнхээ хүрээнд үнэн зөв мэдээллийг бэлтгэн нийтэлнэ гэдэгт бид найдаж байна. Түүнчлэн аливаа  хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нь үндэслэлгүй, буруу ташаа мэдээллийг дахин түгээсэн тохиолдолд Эрдэнэт үйлдвэр ХХК болон баялаг бүтээгч ажилтнуудын нэр хүндэд учруулсан хохирлыг тухайн мэдээлэл цацсан байгууллагаас нэхэмжлэхээс гадна холбогдох хуулийн дагуу эрх бүхий байгууллагаар шалгуулах болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

2015 оны 06-р сарын 10-ны өдөр

Эрдэнэт үйлдвэр ХХК