2015 он талдаа орж байхад өнгөрсөн оныхоо төсөвт аудит хийлгээгүй аймаг байна гэнэ, цаана чинь. Чих тавиад байх нь ээ Дархан-Уул юм гэнэ. Төсвийн хуулийн наад захын заалт энэ аймагт ийнхүү зөрчигдаж байгаа нь цаанаа юуг халхалж байгаа бол гэсэн хардлага өөрийн эрхгүй төрүүлэх нь зүйн хэрэг. Аймгийн Аудитын газар нь ЗДТГ-тайгаа 2014 оны “Санхүүгийн тайланд аудит хийх” гэрээг байгуулж Тамгын газар нь 2014 оны санхүүгийн тайлангаа өнгөрөгч нэгдүгээр сарын 15-ны өдрөөс хэтрүүлэхгүй ирүүлэхээр тохирчээ. Гэтэл ЗДТГ нь дээрх хугацааг бүр нэг сараар хэтрүүлэн хоёрдугаар сарын 24-ний өдөр Аудитын газарт хүргүүлсэн гэнэ.

Уг нь хуулиараа Аудитын газар нь аудит хийсэн тайлангаа хоёрдугаар сарын 25-ны дтор буцаан төсөв ерөнхийлөн захирагч болох аймгийн Засаг даргад явуулах үүрэгтэй байж. Ийнхүү ЗДТГ нь хугацааг нь тулгаж байгаад тайлангаа өгөөд нэгхэн өдрийн дотор аудит хийгээд буцаагаад явуул хэмээн зориуд “шахаанд” оруулжээ. Бүхэл бүтэн амйгийн төсвийн тайланд нэгхэн өдрийн аудит хийж амжихгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Юу юу биччихсэн оруулчихсан төсөв болоод ийнхүү өнгөц аудит хийлгэхээр хууль бус нөхцөл байдлыг үүсгэсэн нь сэжиг төрүүлэх нь мэдээж.

Төсвийн тайланд  аймгийн жилийн эцсийн санхүүгийн байдлын, үр дүнгийн, өмчийн өөрчлөлтийн болон мөнгөн гүйлгээний тайлан багтдаг гэнэ. Аймгийн ЗДТГ нь аудитаа “аргалах” гэж тайлан өгөх хугацаа хэтрүүлсэн бурууг нягтландаа тохож арга хэмжээ авсанаа мэдэгджээ. Нягтлан бодогч Х.Батбаатарт “санхүүгийн тайланг хууль болон гэрээнд заасан хугацаанд гаргаж өгөөгүй хариуцлагагүй үйлдэлд” нь аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Чүлтэмбат үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Мөн тайлан тушаах хугацаа хэтрүүлсний алдангийг төлье аудит хийгээд өгчих хэмээн  “панаалдах” гэсэн гэнэ.

Тэгвэл аймгийн тайланг тушаах хугацаа хэтрүүлсний буруу ЗДТГ-ын даргад ногдох уу эсвэл түүний удирдлаганд ажилладаг нягтлантай холбоотой юу гэдэг нь сонирхолтой. Нягтлан нь мэдээж миний буруу гэж. Харин аудит нь бүх хариуцлагыг аймгийн ЗДТГ-ын дарга  хүлээх учиртай, түүнийг ажлаас нь халахаас нааш аудит хийхгүй гэсэн хатуу шаардлагыг Засаг даргадаа хүргүүлжээ. Хэрвээ Ч.Чүлтэмбатад хариуцлага тооцуулахгүй бол аймгийн аудит нь ахин нэг “ялагдал доромжлол” амсах гэнэ. Өмнө нь төсвийн хөрөнгөөр Дубайд “туйлсан” Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал нарын ИТХ-ын төлөөлөгч нарын хэрэгт  тавьсан актыг нь шүүхдсээр байгаад хүчингүй болгуулж байсан гэх. Ямартай ч ийм нэгэн асуудал Дархан-Уулд болоод байгаа гэнэ шүү.

Б.Баяр