Засаг солигдох бүрт  төрийн албыг төрлийн алба болгодог бичигдээгүй хууль үйлчилдэг. Харин  шинэхэн  дарга нар  төрлийн эсвэл танил хүнээ ажилд авахдаа  хууль зөрчдөг нь маргаан дагуулж  Захиргааны хэргийн  шүүхэд хандахад  хүргэдэг нь нууц биш. Өнгөрсөн жил 51 тэрбум төгрөгийг ажлаас халагдсан хүмүүст өгөхөөр болсон байна. Үүнээс  29 төгрөгийг яаралтай гаргах шаардлагатай байгааг  өчигдөр Хууль зүйн сайд хэлж байлаа. Дээр дурьдсан 51 тэрбум төгрөг бол  зөвхөн  шүүхийн шийдвэр гарсан.  Үүний цаана нь Захиргааны хэргийн  шүүхээр маргаанаа шийдүүлээгүй улс тэдгээр хүмүүсийн асуудал шийдэгдвэл энэ тоо хэд болж өсөх нь тодорхойгүй юм.  

Харин төрийн албан хаагчийг халсан  сайд, дарга нарын  алдаатай энэ үйлдэлдээ хариуцлага хүлээдэггүй. Шударга үнэнчээр татвар төлөгчдийн  мөнгөөр  буюу улсын төсвөөс 51 тэрбумыг гаргана.    Уг нь улсаас  энэ төрлийн хэрэгт  зарцуулаг  гэж 2014 онд хоёр тэрбум төгрөгийг төсөвлөсөн юм билээ.   Тэгтэл өнгөрсөн жил  төсвөө  25 дахин хэрүүлсэн байгаа нь манай сайд дарга нар хичнээн  “мунхаг” болохыг харуулж байна.

Үүнээс гадна  АТГ-аас явуулсан мөрдөн байцаалт явуулсан нийт хэрэг, үйлдлийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 93 бүртгэгджээ. Энэ нь хамгийн өндөр хувь болж байгаа юм. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад 30 тэрбум 145.4 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 577.3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн, 7 тэрбум 907.9 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан, 240.5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүлсэн байна. Төрийн албыг төрлийн алба болгосон дарга нар  хэрхэн  дураараа авирлаж байгааг харуулсан судалгаа юм.  

2014 онд 2700 хүн төрийн албан хаагч болсон гэж байгаа. Ингэж нэмэгдлээ гээд төрийн албан хаагчийн  ааш, ажлын ур чадвар дээрдээгүй гэдгийг ярих хүн  нэгээр дутахгүй.  Дарга нар дураараа авирлаж болдог гэсэн  энэ тогтолцоог халж,  хэрвээ хэн нэгнийг үндэслэлгүй халсан гэдгийг шүүхээс тогтоовол тухайн даргаас нөхөн төлбөрийг нь гаргуулдаг болгох саналыг дэвшүүлж байна.  Хэмжээлшгүй эрхт дарга нарын жолоог ингэж татахгүй бол  ажлаас  хууль бусаар халагдаж  нөхөн төлбөр  авч байгаа иргэдийн тоо нэмэгдэх нь гарцаагүй үнэн. 

А.Баярмаа