Орчин үеийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 93 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Монголын улс төр дэхь цэргийнхэнтэй холбоотой зарим баримтуудыг сонирхуулья.

Ардын хувьсгалын анхны 7-гийн нэг Д.Сүхбаатар нь олноо "Гоймон баатар" хэмээн алдаршсан нэрт жанжин, Монголын анхны Цэргийн яамны сайд байлаа.

БНМАУ-ын Маршалууд болох Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар аль аль нь Халх голын дайн, Чөлөөлөх дайныг удирдалцсан. Ялгаатай нь Х.Чойбалсан Ардын Хувьсгалын анхны долоогийн нэг байв.

Ардчилсан Хувьсгалын анхны удирдагчдын нэг, Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн л тангараг өргөсөн цэрэг.

Цэргийн сэтгүүлч мэргэжилтэй тэрээр байлдагч байх үедээ "Эх орны цэрэг" гэх мэт олон шүлэг, найраглал бичдэг байжээ. Сонирхолтой нь түүний хүү Э.Эрдэнэ ч мөн энхийг сахиулагч болж, цэргийн удмаа үргэлжлүүлсэн юм.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд түүнтэй өрсөлдсөн УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ ч мөн л цэрэг, цагдаагийн хурандаа цолтой.

Харин түүнийг дэвшүүлсэн намынх нь экс генсек У.Хүрэлсүх цэргийн сургууль төгссөн, хурандаа хүн.

Түүнтэй хамт Цэргийн сургууль төгссөн М.Сономпил, Ш.Түвдэндорж нар нам өөр ч цэргийнх гэдгээрээ ойр дотно явдаг.
У.Хүрэлсүх найзаасаа ялгаатай нь мань хоёр Батлан Хамгаалахын Сайдаар ажиллаж байсан.

Харин мөн л тэдний сургуулийн анд, офицер С.Эрдэнэ Хүн амын бодлого, Нийгмийн хамгааллын сайд.

ОХУ-д дипломатч болохоор суралцах явах залуусыг цэргийн алба хаалгадаг жишиг хуучин тогтолцооны үед байв. Хууль зүй, Дотоод Хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, "М-Си-Эс" группын Ерөнхийлөгч Ж.Од нар онжавууд болсон түүх ч үүнээс улбаатай.

Ерөнхий сайд асан С.Баяр цэргийн алба хаасан төдийгүй хожим нь БХЯ-ы дэргэдэх Стратегийн хүрээлэнд захирлаар ажиллаж байв.

Уг хүрээлэнд ажиллаж байсан М.Батчимэг УИХ дахь эмэгтэй цэргүүдийг төлөөлнө. Тэрээр АНУ-ын Номхон Далайн цэргийн сургуульд суралцжээ. Харин туршлагатай парламентч Д.Арвин барилгын цэрэгт ажиллаж байсан. Аав нь хурандаа цолтой хүн байжээ.

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал Цэргийн нэгдсэн дээд сургуульд найман жил багшилсан бөгөөд бэлтгэл ахмад юм. Монголын тэрбумтаны хүүхдүүдээс цэргийн алба хаасан ганц хүн байгаа нь Нямтайширын Номтойбаяр болов уу? УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хилийн цэрэгт алба хаажээ.