АН-ын бүлэг намынхаа Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлнэ
2015/07/06
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2015.07.06/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар АН-ын гүйцэтгэх зөвлөлийн 2015.07.03-ны өдрийн тогтоолыг хэлэлцлээ. Хоёрдугаарт, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж, баяр наадмын өмнө гаргах ёстой гэдэг дээр санал нэгдэв. Гуравдугаарт, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг мөн гишүүдийн олонхи дэмжлээ. Харин Эрүүгийн хуулийн төслийг наадмын дараа үргэлжлүүлэн хэлэлцэх нь зөв гэж үзсэн юм. Дөрөвдүгээрт, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг заалтыг өөрчлөх саналыг дэмжиж ажиллахаар болов. Энэ нь эдийн засгийг идэвхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж бүлгийн гишүүд үзэж байна. Тавдугаарт, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжиж ажиллана гэдэг дээр Ардчилсан намын бүлгийн гишүүд санал нэгдлээ.
Түүнчлэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойтой холбоотой асуудлыг мөн хэлэлцлээ. Үүнийг Засгийн газар шийдээд явах боломжтой юм байна. Бүлгийн удирдлага хуралдааны дараа эдгээр асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг АН-ын бүлгийн гишүүд хэдэн хувиар хүлээж авсан бэ?
Б.Гарамгайбаатар: -АН-ын бүлэг Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг сайтар ярилцаж, хэлэлцсэний дараа шийдвэрээ гаргалаа. Ирц хангалттай, 27 гишүүн оролцсон энэ хурлаас хоёр заалттай шийдвэр гаргасан. Нэгдүгээрт, ГЗ-ийн тогтоол болон өнөөдрийн бүлгийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг АН-ын дарга З.Энхболд, ¬Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарт үүрэг болгосугай гэсэн шийдвэр гарсан. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газрын тогтовортой үйл ажиллагааг ханган ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч. Сайханбилэг, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд үүрэг болгосугай гэсэн шийдвэр гарч байгаа. Тэд засагт байгаа бусад намуудтай ярилцаж байж сайд нарын асуудлыг шийдвэрлэнэ.
-Гэрээ цуцлах эрхийн талаар хамтран ажиллах гэрээнд юу гэж заасан байдаг вэ?
Б.Гарамгайбаатар: -АН олонхийг бүрдүүлж байгаа. Энэ утгаараа шийдвэрийг Ардчилсан нам санаачлах эрхтэй гэж ойлгож болно. Мөн хамтран ажиллах тухай гэрээний баримт бичиг болохоос ямар нэг дагаж мөрдөх хууль журам биш гэж үзэж байгаа.
Ш.Түвдэндорж: -Гэрээний хэрэгжилтийн талаар та бүхэн мэдэж байгаа. Нэг үгээр гэрээ хэрэгжээгүй учраас цуцлахад хүрч байгаа. Нөгөөтэйгүүр, улс төрийн томоохон намууд ярилцаж байгаад энэ гэрээг байгуулсан учраас хамтрахад байгуулагдсан ажлын хэсгүүд энэ тухай ярилцахаар бүлгээс чиглэл өгсөн байгаа.
-Яагаад Ерөнхий сайдын эзгүйд ийм шийдвэр гаргав, хүлээх боломж байгаагүй юу?
Б.Гарамгайбаатар: -Ерөнхий сайд бол манай АН-ын гишүүн. Намын дүрмийн дагуу Гүйцэтгэх зөвлөл асуудлыг шийдэх бүрэн эрхтэй. Өнөөдрийн бүлгийн хуралд Ерөнхий сайд оролцоод өөрийн байр сууриа илэрхийлсэн. Бүлгийн шийдвэр бол эцсийн шийдвэр.
С.Одонтуяа: -Бид эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулахын томоохон төслүүдээ урагшлуулъя, ажил хийе гэсэн зорилгоор Засгийн газраа хамтран байгуулсан. Гэвч МАН-ынхан хийх ажилдаа бус халаа, сэлгээнд илүү их ач холбогдол өгсөн. Яам, агентлагуудад газруудынхаа ажилчдыг бүхий л шатанд нь халж байна гэсэн гомдол ирсээр л байгаа. Эцэс төгөсгөлгүй энэ их халаа сэлгээ үргэлжилсээр байх юм бол цаашид тогтворгүй байдал үүснэ гэж үзсэн. 2008-2012 онд бид хамтарсан засагт ажиллахдаа тухайн үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Ламбаа гуай нэг ч хүнийг ажлаас халалгүй ажлаа үргэлжлүүлээд хийж байсан. Энэ бол сайн жишиг. Харин МАН засагт хамтарч ажиллахдаа зорилгоо буруу хэрэгжүүлсэн бололтой. Бид эдийн засгаа сайжруулъя, төрийн албыг тогтвортой байлгая гэсэн асуудал дээр хатуу байр суурьтай байсан. Гэтэл МАН гишүүдээ ажилд оруулах үүднээс энэ их халаа, сэлгээг хийж, түүн дээрээ голлон анхаарч ажилласан учраас төрийн ажил явахаа больсон. Бүх газар халаа сэлгээ хийгдээд богино хугацаанд эдийн засгаа сайжруулах үндсэн ажил маань хэрэгжсэнгүй.
-МАН хүлээж авахгүй гэвэл яах вэ?
Б.Гарамгайбаатар: -Ардчилсан нам шийдвэрээ гаргалаа. Ардын нам холбогдох байгууллагуудаараа хуралдаж энэ асуудлыг ярих байх. Манай намын зүгээс хамтын ажиллагаагаа идэвхжүүлье, яаралтай шийдвэрлэх асуудлуудаа баяр наадмаас өмнө цэгцэлье гэж Ардын намын бүлэгт албан ёсоор хандсан. Тэд хариу мэдэгдэлдээ ажлын хэсгийн ахлагч нар бүгд Ардчилсан намаас байна гэсэн асуудал тавьсан байна билээ. Ардчилсан нам өнөөдөр олонхийг бүрдүүлж байгаа, Засгийг газрыг голлон байгуулж байгаа нам гэдгийг мартаж болохгүй. Гэсэн хэдий ч Ардчилсан намын хувьд давуу байдлаар биш хамтын хүчээр асуудлуудыг шийдэх гэж оролдож ирсэн. Ажлын хэсэгт намуудаас ойролцоо тооны гишүүн ордог. Өөрөөр хэлбэл, АН-ын гишүүд ажлын хэсгийг ахалж байсан ч ажлын хэсэг дотор 3-4 ардын намын гишүүн байдаг. Тэд ажлыг гацаахад ажлын хэсгийн ажил явах боломжгүй болохыг та бүхэн мэдэж байгаа. Иймд энэ тайлбарыг хүлээж авах боломжгүй.
-ЗГ-ын суудал, албан тушаалын асуудал энэ парламентад их яригдлаа. Дахиад зургаан сайдын асуудлыг ярьж эхлэхээр боллоо. Эрсдэлээ тооцоолсон уу?
Б.Гарамгайбаатар: -Тийм ээ, өнгөрсөн хугацаанд Ардын намын зүгээс Засгийн газрын халаа сэлгээний асуудлыг дахин дахин оруулж ирснээр чуулганы нийт хуралдааны 60 хувийг сандал ширээтэй зууралдаж өнгөрүүлсэн байдаг. Ийм маягаар ажил явахгүй байсан учир бид МАН-тай хамтран засгаа байгуулж ажиллахаас аргагүйд хүрсэн. Гэтэл уригдсан нөхөд өнөөдрийг хүртэл хэлэлцэж байгаа асуудлууд дээр гацаа, тээг болсоор байгаа тул ийм шийдвэрт хүрсэн гэдгийг албан ёсоор хэлье. Үүнээс хойш Ардын нам Засгийн газартай хариуцлага тооцох, гишүүдийг нь түүж огцруулах асуудал тавихыг үгүйсгэхгүй. Гэхдээ бусад намууд хамтарсан хэвээр байгаа болохоор нэг их төвөгтэй байдал үүсэхгүй байх гэж бид үзэж байгаа. Ер нь бол Засгийн газрыг огцруулах, солих асуудал ердийн асуудал. Засгийн газар гүйцэтгэх үйл ажиллагаа явуулдаг. Хийж байгаа ажлууд нь УИХ-аас гаргасан хууль тогтоомжуудын шаардлагад нийцэхгүй байгаа тул өөрчлөлт хийж байгаа болохоос биш, засгийг огцруулж байгаа асуудал байхгүй гэдгийг энд мөн албан ёсоор хэлье.
-Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуульд Татварын өршөөлийн тухай хууль багтаж байгаа юу?
Ил тод байдлын тухай хууль бол тусдаа хууль. Эдийн засгийн өршөөл буюу татвартай холбоотой асуудал шинээр өргөн баригдсан хуулийн төсөлд байгаа.
С.Одонтуяа: -Сая бүлгийн хурал дээр хэлэлцсэн нэг асуудал нь Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт гадаадад хийсэн айлчлалуудынхаа талаар олон сайхан таатай мэдээллүүдийг хүргэлээ. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзаж Монголд хөрөнгө оруулалт татах онцгой чухал шийдвэрүүдийг гаргасан байна. Юникредит хөрөнгө оруулалтын дэлхийн том компанитай болон Лойдс компанийн захирал Жон Нейлсоныг хүлээж авч уулзсан нь дэлхийд олон чухал мэдээлэл тарахад нөлөөлж байгаа. Европын сэргээн босголтын банктай төгрөгийн бондыг арилжих талаар ярилцаж шийдвэрлэсэн байна. Энэ бүхнээс харахад Ерөнхий сайдын гадаад айлчлал үр дүнтэй, амжилттай болсон байна. Мөн Санктпетербургийн Эдийн засгийн форумд амжилттай оролцож, том төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөх талаар санал солилцсон талаарх мэдээллийг бүлгийн хурал дээр сонслоо.
-Зургаан сайдын үед ажилд орсон 600 хүнийг нь буцаагаад халах уу? Эдийн засаг жаахан сэргэж, мөнгөний урсгал наашаа чиглэсэн үед МАН-ыг засгаас гаргаж байна гэж бас ярьж байна. Энэ үнэн үү?
С.Одонтуяа: -Аль нэг нам гэхээс илүү төрийн албан хаагч, ардаа өрх гэртэй хүн гэдэг үүднээс нь бид харж анхааралтай хандана. Гэхдээ хууль зөрчиж ажилд томилсон асуудлыг ярина. Хууль дүрмээрээ төрийн албаны шалгалт шүүлгээрээ орсон хүнд хамаарахгүй.
Б.Гарамгайбаатар: -Энэ бол хардлага, таамаг. Өнгөрсөн 12 дугаар сараас хойш эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээнүүдтэй холбогдуулаад хэд хэдэн бонд гаргасан. Эдгээр бондын үр шимээр Монгол Улсад хэрэгтэй хөнгөн үйлдвэрүүд болон дэд бүтцийн чиглэлийн үйлдвэрлэл нэлээд эрчимтэй хөгжиж, олон зуун монгол хүн ажлын байртай болж байгаа. Эдгээр үйлдвэр импортыг орлох олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш УИХ-ын дарга болон гишүүдийн төлөөлөл бондоос санхүүжсэн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцахад та бүхэн бас хамт явсан болохоор энэ бүхнийг мэдэж байгаа байх. Энэ бүхэн нь бондын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байна гэсэн мэдээлэл худал гэдгийг батлан харуулж байгаа юм. Мөнгөгүй болохоороо ардын намыг гуйдаг, мөнгөтэй болохоороо хөөдөг гэсэн зүйл байхгүй. Аль ч тохиолдолд Монгол Улс хөгжих ёстой. Үүний тулд бид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах ёстой, тэдгээр хөрөнгө оруулалтыг үр дүнтэй зарцуулах ёстой гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
-Тавантолгойн гэрээний төслийг дахин өргөн барих гэтэл УИХ-ын дарга хүлээж аваагүй сураг байна. Цаашдаа намын дарга нь Ерөнхий сайд байх зарчмаар Ерөнхий сайдыг ч сольж магадгүй гэсэн таамаг явж байна. Үүнд ямар тайлбар хийх вэ?
Б.Гарамгайбаатар: -Хэвлэлээр янз бүрийн таамаг явж байгааг бүгд мэдэж байгаа. Томоохон баярын өмнө янз бүрийн хуулиудыг гаргадаг гэсэн шүүмж УИХ-ыг байнга дагадаг. Энэ утгаар нь намын дарга Тавантолгойн гэрээний шинэ төслийг намрын чуулган руу шилжүүлэх нь зүйтэй гэж шийдсэн. Тэрнээс биш ямар нэгэн зөрчил үүсээд, өргөн барих гэж байгаа хуулийн төслийг авахгүй гэсэн асуудал байхгүй.
Ш.Түвдэндорж: -УИХ-ын дэгийн тухай хуулиар хуулиудын анхны болон хоёрдугаар хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлэг хийгддэг. Цагаан сар болон наадмын өмнөхөн чуулган хаагддагийг та бүхэн мэднэ. Чуулган хаахын өмнө хууль бөөндлөө гэсэн шүүмжлэл гардаг.
-Монгол Улсын гадаад өр маш их хэмжээгээр нэмэгдэж байна. Бонд гэж гоё үгээр нэрлэж байгаа ч үнэндээ өрийн бичиг шүү дээ. 2012-2016 онд үүсгэсэн энэ их өрийн хариуцлагыг дараа нь Ардчилсан нам дангаараа хариуцах уу?
Б.Гарамгайбаатар: -Бонд гэдэг өрийн бичиг ч бий, өр ч бий. Эргэн төлөх асуудал нь хэр үр дүнтэй зарцуулснаас шууд хамаарна. Мэдээжийн хэрэг үүнд хугацаа шаардлагатай. Гоё нэрийн цаана өр нуусан гэх нь учир дутагдалтай. Энэ асуудплыг Засгийн газар эрх мэдлийнхээ хүрээнд шийдээд явна. Төсвийн тухай болон бусад хуульд зааснаар болсгын тухай ярьж байна. Хэрэв богино хугацаанд үр дүнтэйгээр хэрэгжүүлж болох төслүүд байгаа бол бид үүнийг хийх ёстой. Үүнийг улсын эрх ашгийн үүднээс хийж байгаа. Эргэн төлөх нөхцөлийг тухайн үеийн Засгийн газар болон тухайн үеийн Улсын Их Хурал шийдвэрээ гаргаад явна.
-Яг ямар хуулийн төслийг МАН гацаагаад байгаа юм бэ? МАН-ынханд энэ асуултыг тавихаар “бид ямар ч хуулийн төслийг гацаагаагүй” гэдэг хариултыг өгөөд байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?
-МАН-ын бүлгээс Ардчилсан намд өгсөн мэдэгдэлд ийм хариулт өгсөн байсан. Бид саад болоогүй, аль болохоор явуулъя гэж. Та бүхэн МАН-аас АН-ын бүлэгт өгсөн шаардах бичгийг анзаарсан байх. Тэд Засгийн газар болон бусад УИХ-ын гишүүдийн өргөн барьсан, хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон төслүүдийг хэлэлцэхэд шууд саад хийгээгүй ч зөвхөн өөрсдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг л батлуулах сонирхолтой байгаа юм. Ажлын хэсэг бүх намын төлөөлөл байгаа. Тэр дундаа Ардын нам, Ардчилсан намын төлөөлөл олон бий. Жишээлбэл, нэг ажлын хэсэг 9 гишүүнтэй байлаа гэхэд МАН-аас 3, АН-аас 4, бусад намаас 1, 1 гэх жишээтэй. Энэ асуудал дээр Ардын нам ч бай, Ардчилсан нам ч бай асуудлыг шийдээд явах боломж бүрэн бий. Харамсалтай нь, намын эрх ашгийн үүднээс энэ асуудлыг гацааж байна. Тухайлбал, хамтран ажиллах гэрээнд Сонгуулийн тухай хуульд хар машины асуудлыг хэрхэн тусгах вэ гэдгийг тодорхой заасан, гэтэл энэ хуулиар сонгуулийн тогтолцоо можаритор байх ёстой, ард түмнээс санал асуух ёстой, 76 жижиг тойрог байх ёстой, гараар бүгдийг тоолох ёстой гэдэг шийдвэр гаргаад, яриад яваад байгаа. Энэ бол ганц жишээ. Энэ мэтээр хамтын гэрээгээ удаа дараалан зөрчсөөр байгаа тул Ардчилсан намын зүгээс энэ намтай цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзлээ.