Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 499 хэрэг хянан шийдвэрлэжээ
2015/07/07
Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2015 оны эхний хагас жилийн байдлаар нийт 671 хэрэг хүлээн авч, 499 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 78 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлж, 21 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 3 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 7 хэргийн харьяаллыг тогтоожээ.
Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 45 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 11,5 хэрэг хэлэлцсэн байна.
Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 499 хэргийн 57.1 хувь буюу 285 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, 11.6 хувь буюу 58 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, 21.5 хувь буюу 107 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 9.8 хувь буюу 49 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгожээ.
Хүчингүй болгосон 58 шийдвэр, магадлалтай хэргээс 84.5 хувь буюу 49 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, 15.5 хувь буюу 9 хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 499 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 336, Хөдөлмөрийн тухай хуулиар 106, Гэр бүлийн тухай хуулиар 22, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 18, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 2, бусад хуулиар 15 хэргийг хянан шийдвэрлэжээ.