Захиргааны хэргийн танхим 203 хэрэг хүлээн авчээ
2015/07/09
Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим 2015 оны эхний хагас жилд 203 хэрэг хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар 160, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 5 хүсэлт, шүүх хуралдаанд оруулахгүйгээр 12 хэргийг шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 25 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 6.6 хэрэг хэлэлцжээ.
Хяналтын шатны журмаар хэлэлцэгдсэн захиргааны 160 хэргийн 63.1 хувь буюу 101 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 20 хувь буюу 32 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 16.8 хувь буюу 27 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ.
Хүчингүй болгосон 27 шийдвэр, магадлалтай хэргийн 33.3 хувь буюу 9 хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, 11.1 хувь буюу 3 хэргийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 55.5 хувь буюу 15 хэргийн магадлалыг хүчингүй, шийдвэр хэвээр буюу өөрчлөлт оруулсан байна. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 5 хэргийн хүсэлтийг хангаагүй аж.
Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 160 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Төрийн албаны маргаан 39, Газрын маргаан 37, бусад маргаан 33, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай маргаан 20, Татварын маргаан 17, Ашигт малтмалын маргаан 7, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 4, Орон сууцны хувьчлалын маргаан 3 хэрэг байна.