Нэрт нийтлэлч, сэтгүүлч СГЗ Х.Цэвлээгийн тухай “Хорлоо ээжийн том хүү” нэртэй нэгэн шинэ номыг өлгийдөн авлаа. Уг бүтээлийг доктор, профессор Ц.Балхаажав эрхлэн гаргаж, МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга ивээн тэтгэн хэвлүүлжээ. Номын зохиогч Ц.Балхаажав болон СГЗ Х.Цэвлээ нар 1972 оноос хойш ойр дотно үерхэж нөхөрлөж яваа хоёр юм. Тиймээс монголын сэтгүүлзүйн нэрт төлөөлөгч болсон найз Х.Цэвлээдээ зориулж, ном гаргахаар сэмхэж бодож явснаа Ц.Балхаажав гуай ийнхүү ажил хэрэг болгосон нь энэ. Ц.Балхаажав гуайн уураг тархиндаа боловсруулсан төлөвлөгөөг бодит хөрсөнд буулгахад Нарийн бичгийн дарга Т.Гантулга, сэтгүүлч Я.Сумъяа нарын үүрэг оролцоо их байсныг хэлсэн үгэндээ онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, “Хорлоо ээжийн том хүү” гэх энэ шинэхэн бүтээл хоёр найзын чигч шулуун үерхэл, нөхөрлөлөөс төрөн гарсан гэж хэлэхэд буруудахгүй. СГЗ Х.Цэвлээ өөрийнхөө тухай номыг алтан хөшөөтэй адилтган зүйрлэсэн юм. Тэрээр “Уг нь алтан хөшөө гэж байдаггүй юм. Гэхдээ амьд ахуйд нь өөрийнх нь тухай номыг өөр хүн бичиж гаргахыг ингэж нэрлэдэг.  Энэ номыг бичих санаа Ц.Балхаажавт яагаад төрсөн юм бүү мэд. Миний тухай бичээд өгөөч гэж хүссэн зүйл байхгүй. Ахмадуудынхаа хийж, бүтээсэн ажиллаж хөдөлмөрлөснийг амьд сэрүүнд нь бусад нь алдаршуулж байгаагаараа их үнэ цэнэтэй болж байна” гэлээ. Харин МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга шинэ номыг хамтдаа өлгийдөн авч байгаад баяртай байгаагаа онцлоод гаднаас нь харахад жижиг мэт харагдавч агуулга, цар хүрээ өргөн, утга гүн ном болжээ гэж дүгнэлээ. Доктор, профессор Ц.Балхаажав гуай шинэ номынхоо дээжийг алд цэнхэр хадагтай хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд гардууллаа.