Орон нутаг руу явсан хүн бүр “тендерийн машин” гэгчийг  мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл хот хооронд явах албан ёсны зөвшөөрөлтэй  машинуудыг  ийнхүү нэрийдэж байгаа.  Харин тендерийн машинууд   нь давуу байдлаа  ашиглан  бааварлаж байна.   Тэдэн шиг эрх дураараа,  танхай жолооч гэж үгүй гэдгийг хот хооронд явах олон хүн хэлнэ.  Тендерийн машинуудын  хувьд  зорчигч тээврийн хөлсөөс гадна  дайвар буюу  хүмүүсийн гуйлгын ачаанаас  чамгүй мөнгө “зулгаадаг”.   Ингэхдээ бас л давардаг.  Өөрөөр хэлбэл  зөрчигчдийн ачаа  тээш дүүргээгүй бол түүнийг дүүргэх зорилгоор хүлээгээд зогсдог.  Мөн хүмүүсийн дайврыг  өгч байгаа нь энэ гээд хүлээлгэнэ. Явъя гэх юм бол   ямар нэг шалтаг хэлээд  хүлээлгэдэг.  Хүлээлгэх шалтгаан үүгээр дуусахгүй.   Тендерийн бусад машинтайгаа цуваагаар явахын  тулд  нөгөө хэдэн машины зорчигч бүрдэх  хүртэл хүлээлгэнэ.  Үүнд дор хаяж, 30 минутаас  нэг цаг зарцуулах жишээтэй.  

Ингээд удаан хүлээлгэсний эцэст орон нутгийн замд  бараг л  “нисдэг тэрэгний  хурд”-аар 100-140 км/цагийн хурдтай явдаг бөгөөд ингэж явахдаа урсгал сөрнө,  дүрэм зөрчих зэргээр замын хөдөлгөөний дүрмийн  дийлэнхийг зөрчдөг.  Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд  явж байгаа машинууд  цуваагаар явж байгаа нь энэ гээд  гурав дөрвөөрөө  урсгал  сөрж гүйцэд түрүүлэх үйлдэл хийдэг.  Хурдаа, зайгаа буруу тооцоолсны улмаас  орон нутгийн замд гарах ослын тоог нэмдэг бөгөөд  үүний улмаас  Дархан-Эрдэнэт-Сэлэнгийн зам хамгийн  их осолтой замаар  “шалгарсан” байдаг. Байнга  явдаг зам, нүхийг нь тоолдог  жолооч нарын хувьд басаж байгаад  осол гаргадаг  байна.  

Хэрвээ  тендерийн биш  “хулгайн” буюу  очих газар руу нь явж байгаа машинтай тохироод явах юм бол  хэл ам, хэрүүл тэмцэл хийж зодоон гарсан тохиолдол байдаг.  Үүгээр ч зогсохгүй  замд явж байхад нь  шоглодог бөгөөд  ингэхдээ хэдэн жолооч нар руугаа ярьж байгаад зохион байгуулалттайгаар шоглодог байна.  

Энэ мэтээр  хаан мэт авирлах  тэдний  увиагүй үйлдэл  дуусахгүй иргэдийг бухимдуулсаар байна.  Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ явж байгаа бол  зүрх муутай хүн осолд  өртөх онцгой  сэтгэл зүйн бэлтгэлтэй явах ёстой. Мөн  тендерийн машины урд суувал амь насаа алдах эрсдэл өндөр байгааг тооцоолоход гэмгүй. Зорчигчийг ингэж бодоход хүргэж байгаа нь  тендерийн машинуудад тавих анхаарал, хариуцлага сул байгаатай шууд холбоотой юм. Нэгэнт  тендерт нь ялаад  жолооч, тээврийг нь хариуцаж байгаа бол  зохион байгуулсан шиг зохион байгуулах шаардлагатай байна. Ядаж л орон нутгийн замд мах биш хүн тээвэрлэж байгааг ухаарч  анхаарал болгоомжтой явахыг  жолооч нарт ухамсарлуулах хэрэгтэйг  тендерийн “нөхдүүд” анхаарахад илүүдэхгүй биз!!!
 

А.Баярмаа