Монголд байхад л улсын ажил хийж буй нэртэй цагаа бүртгүүлчихээд л гадуур ажилтай гээд л зэсэрч өгдөг нөхдүүд дүүрэн байдаг байсансан. За тэгээд хажуугаар нь дүүрэн баярууд. Дуусна гэж үгүй. Одоо бол харжээ байхад фэйсбүүк ухаж, тоглоом тоглох бас нэг их чухал ажилд дарагдсан байдаг бололтой юм.

Дарга сайд, ноёд түшмэлээсээ эхлээд л зөндөө л хүмүүс ажилаар, туршлага солилцох нэрээр гадаадын улс орнуудад аялаж зорчиж зугаацах л юм уг нь. Яасан ч сууж, суулгаж өгдөггүй туршлага байдаг юм.Долоо хоногийн 5 өдөр ажилтай нэртэй 8 цаг л конторт сууж хажуугаар нь компютер шагайж, дундуур нь хувийн ажилаа амжуулж, бас долоо хоног бүр баасан ахын төрсөн өдөр тэмдэглэнэ. Ямар их жаргаж цэнгэж буйгаа таминь мэддэг болов уу. Жаргалд оройгүй гэдэгсэн. Гадаадад хүмүүс хоёр ажил хийж, хагас бүтэн сайнаар ч ажиллаж, баасан ахын төрсөн өдрийг мартаж, ингэж уртаас урт дараалан амарч цэнгэдэг нэг ч улс орон манай сайхан Монголоос өөр байхгүй дээ. Гэтэл тэр гадаад орнуудын хөгжил урагшилсаар, харин бид байрандаа үлдсээр. Хорин таван жилийн түүхт агуу ардчилал ярьсан том том гүзээтэй хурган дарга нарын орон болжээ. Улс орны, аймаг сумын, хувь хүний дуусдаггүй насан баярын ойнууд жирийнэ.Нээлт хийсэн инженер халаасны мөнгөөр шахуу шагнуулах харин жилдээ нэг хэн нэгэн бүдүүн бөхчүүддээ хамаг бүгдээ өргөн овоолоод барих. Хуучин голдуу том том жипний цуглуулга, хэрүүл талцлаар амьсгалдаг бүдүүн бүдүүн бөхчүүдийн орон мину.Эрийн гурван наадам гэх атлаа өнөө хоёрыг нь болохоор үл тоох.
 

Ганцхан түрүү бөх, цол авсан нөхдөд л бэлэг сэлт хөврүүлсээр. Яасан ч алаг үзэлтэй нааддаг юм бэ дээ бид чинь хэхэ. Одоо яалтай вэ . Элбэгдорж, Сайханбилэгээс эхлээд Америкт эхнэр хүүхдээ дагуулаад хүмүүс яаж амьдрах гэж зүтгэж, түмэн олон цагаачдыг нэг хуулин дор сөхрүүлж барьж зангидаж, хөгжүүлж, хөгжиж болдогыг хангалттай л харж мэдсэн эрх ямбатай улсаар төр засаг дүүрэн байх. Язартал таргалж буй үеийн залуусыг хархуйяа Монголд яг үнэндээ гэдэс нь хямраад сур харвах гээд байгаа юм уу, төр засаг, түмэн олны амьдрал хямраад ажил хийх аргагүй байдаг юм болов уу мөхөс миний ухаан үл хүрэх аж. Аяа миний дарга, ноёд дээдсээр дүүрэн, баян тарганаа гайхуулах гайхамшигтай сайхан хөгжлийн хурдаар ард олноо оройлон хөгжүүлэн, цэнгүүлж буй агуу ардчилсан мундаг түшмэдээр дүүрэн, дээрээс нь бас Харвард төгссөн мундаг ерөнхийлөгчтэй эх орон мину..... Энэ бие элэгдэж дуусахаас өмнө эх орон Монгол ард олон түмэн минь хүн олноо, эх орноо гэсэн жинхэнэ төр шиг төртэй болохыг үзэхсэн гэж ямар их хүснэм бэ. Биенийхээ хамгийн чухал хэрэгцээт хэсгийг харж чадахаа болих "дарга" улс болох вий. Дэлхийн дарга улс болоосой гэж мөрөөдөхгүй ээ. Эх орон Монголоо Азийн үсрэнгүй хөгжилтэй улс орон болгохсон ард олон түмэн, авилгач ноёд түшмэл минь.

                                                                                       Яруу найрагч Хулганайн Тэргэл 2015 Чикаго хот.