Монгол улсын иргэн  Ж.О  Сүхбаатар дүүргийн 6-р хороо буюу  СУИС-ийн хойно үйлчилгээний болон орон сууцны зориулалттай 15  давхар 70 айлын барилга барьж эхлүүлээд байгаа.  Энэ нь ойр орчмын байгууллага болон  оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа учир манайд хандсан юм.  

Уг баригдаж байгаа барилгын чанх хойно 20 метрт  72-р байр байдаг. 10 давхар хөндлөн уг байрны бүтэн нэг орцны айлын нар салхийг халхлан  иргэн Ж.О-ы барилга баригдаж байгаа юм.   Тус барилгынхан шөнө өдөргүй ажиллаж,  оршин суугчдыг бухимдуулдаг байна.  Мөн  хүнд даацын машин өдөр, шөнө гэлтгүй холхиж чимээ шуугиан их гаргадаг гэдгийг оршин суугчид хэлж байна.  Зуны бүгчим үед агаар салхи оруулах гэхээр шороо бужигнаад, хүүхэд сэртэл чимээ гаргадаг.  Ядаж байхад  орц гарц хаачих шахах юм хэмээн  оршин суугчид учирлаж байсан.   

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор   иргэн  Ж.О-ны бариулж буй  барилгын талбайд  ороход М.Жанцан  гэх залуу угтаж  өөрийгөө  энэхүү барилгын ажлыг хариуцаж байгаа гэдгээ хэлсэн.  Түүний хэлж байгаагаар   уг барилгыг  барих зөвшөөрлийг  Барилга хот байгуулалтын яам,  Мэргэжлийн хяналт, Хот төлөвлөлтийн  газраас авсан. Албан бичгийн  хувьд ямар ч зөрчилгүй, оршин суугчид, ойр хавийнхан  харин их дургүйцэж байгаа.  Бид аль болох бусдад  төвөг учруулахгүй  ажиллаж байгаа гэдгийг тэрбээр  тайлбарлаж, ямар барилга барьж байгаагаа бүх зөвшөөрлийн хамт үзүүлсэн  юм.  Түүний үзүүлсэн  баримт бичгээр  бол уг барилга ямар нэгэн зөрчилгүй  байсан.

 Гэхдээ Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилт” БНбД 30-01-04-ийн 2.11-т зааснаар орон сууц хооронд, орон сууц олон нийтийн барилга байгууламж хооронд, болон орон сууц, үйлдвэрийн барилга байгууламж хоорондын зай хэмжээг нормчилж заасан байдаг.   Тухайлбал 1-3 давхар барилгын тууш талуудын хоорондын зай 15 м-ээс багагүй, 4 давхар бол 20 м-ээс багагүй, харин барилгын тууш болон хөндлөн байрлалтай 2 барилгын хувьд 10 м-ээс багагүй байх ёстой гэж заасан байдаг.  Харин  15 давхар  барилга барьж байгаа бол  барилга хоорондын  зай 40 м байна гэж заасан  байгаа.  Тэгтэл  иргэн  Ж.О-ы барьж байгаа барилга  нь  72-р байрнаас  ердөө 20 хүрэхгүй  метрт байна.   Энэ  нь  иргэдийн нар салхи үзэх,  эрүүл аюулгүй орчинд амьдрахад нь сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа. Оршин суугчдын нар салхийг хааж ийнхүү барилга баригдаж байгаа  тохиолдолд   барилгын  ажлыг зогсоож,  бүх зөвшөөрлийг нь цуцлах ёстой байдаг.   

 

Энэ бол 72-р байрны 4 давхараас авсан зураг. 10 давхар барилгаас 20 м хүрэхгүй зайд 15 давхар орон сууц баригдахаар хичнээн айлын нар салхийг хаах нь зөвхөн энэ зургаас тодорхой болох юм. 

Төр төмөр нүүрээ  энэ удаад  гаргаж,  иргэн  Ж.О-ын барилгын  ажлыг  зогсоож  72-р байрны  оршин суугчдын  эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлж өгөх  шаардлагатай байна. Энэ жилдээ баригдаж  дуусах төлөвлөгөөтэй иргэн Ж.О-ы барилгын ажлын явц суурийг цутгаад байгаа. Тиймээс  яаралтай зогсоож Нийслэлийн  мэргэжлийн хяналт,   Хот төлөвлөлтийн газар  олгосон  зөвшөөрлөө эргэн харна бизээ.  Бид энэ асуудлыг  эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа