Наадам, наадам, бас дахин наадам,

Амралт, амралт бас дахин амралт

 


Үндэсний их баяр наадам болов. Угтаад зөндөө жижиг наадмууд болсон. Араас нь цувуулаад аймгийн наадмууд, сумын наадмууд, дүүргийн наадмууд. Одоо нийслэлийн их даншиг наадам болох гэнэ. Бас нэг мэдээ харахнээ Говийн их шанд наадам гэдэг нэртэй наадам болно гэнэ. Өнгөрсөн хагас бүтэн сайн өдрүүдэд энд тэнд жижиг сажиг наадмууд болж л харагдана лээ. Эхийн сэтгэл гэдэг наадам бас болж байна лээ. 
Улс орны эдийн засаг хэцүүдлээ гээд байсан юу болсон юм бол? Улсын их баяр наадмын арга хэмжээнд 3 тэрбумыг зарцуулна гэсэн төсөв баталж байсан. Одоо нийслэлийн их даншиг гээд том наадам болох гэнэ. Үүнд нийслэлийн төсвөөс 500 сая төгрөг төсөвлөж гэнэ. Нөгөө том баян лам нар нь хамтран оролцох юм гэсэн. Тэд бас их жаснаасаа хөрөнгө гаргах юм болов уу? Наадамд түрүүлсэн бөхийн шагнал ямар их үнэ өртөгтэй байдаг билээ? Цоо шинэ ланд 200, 5 өрөө байр ч билүү? тэхээр лам нар энд хаялагатай оролцоно гэж би хардаж байгааа юм. Угтаа тэд ариун гэгээн номын үйлс хийн, ард зон олны аль өлсөж буй, зовж зүдэрч буй хэсэгт нь тусалж, тэднээс мөнгө хурааж ном уншиж өгдөг биш харин үнэ төлбөргүй эмнэлэг, сувилал, асрамжийн газрууд нээн ажиллуулдаг баймаар юм. Энэ нийгэм дэндүү шударга бус болж байна. Дуугардаг хүн үгүй болсон. Энэ их баяр наадмыг бид яагаад эсэргүүцэж болиулж болдоггүй юм бэ? Сум багаараа хамтраад нэг худаг ухаж чаддаггүй байж нийлээд наадамлахаараа их мундаг хийх юм гэж нэг нийтлэлч бичсэн байсан санаанд өөрийн эрхгүй буух юм. Энэ их наадам, их идэж уусан, баярлаж цэнгэсэн, цацсан байдал биднийг юунд хүргэх бол? Мөхөл үү? сэхэл үү? Хаана байна нөгөө хямрал? Хаана байна нөгөө ерөнхий сайдын маань бидэнд захисан бүсээ чангалцгаая, 7 сард бүх наадмуудыг хийж дуусгана шүү гэсэн захиас. Удирдагчийн үг бол үг байх ёстой. Энэ их наадмуудыг ч цэгцлээд болиулах удирдагчийн чансаа бас л байх хэрэгтэй. Одоо энэ 7 хоногийн 2 өдөр нийслэлийн төрийн байгууллагын ажиллагсад амарна гэсэн. Баахан татвар, түрээс, инфляци, мөнгөний ханшны уналтыг нуруун дээрээ үүрсэн хувийн хэвшлийнхэн үхэн хатан зүтгэцгээнэ. Тэдэнд зогсох, амсхийх, тэгж их амрах боломж байхгүй. Гэтэл энэ их урт удаан сунжирсан амралт, наадмууд тэдэнд хамгийн их хохиролтой. Энэ их найр наадам, урт удаан амралт зугаалга хэнд ашигтай байна вэ? Улс төрчдөд. Тэд шагнал гардуулаад л, хүмүүст бэлэг өгөөд л, морь уралдуулаад л сонгуулийн ажлаа хийгээд л явна. Үнэн хэрэг дээрээ улс эх орон хэцүү болж байгаа шүү. Ёс зүй, үнэ цэнэ, нийгмийн тэгш байдал...... энэ бүхэн бүрэн алдагджээ. Одоо шинэ үе маань, залуус маань арай өөрөөр сэтгэж, өөрөөр амьдарч, хамтарч нийлж, хийж бүтээж, сайн үйлсийг хамтдаа өрнүүлж чадаж байгаа, сурч байгаа шинэ үедээ найдах цаг ирж буй бололтой. 2015.07.28 Улаанбаатар