Хил хамгаалах байгууллагын урилгаар энэ оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Вязыма хот дахь Хилийн нохойн сургалтын төвийн ахлах багш, хошууч Карташев Л.И, Нохой сургалтын төвийн давтан бэлтгэх дамжааны сургагч багш, ахлах ахлагч Прошутинский Р.В нар манай улсад хүрэлцэн ирсэн билээ. Тэд гурван сарын хугацаанд ХХБ-ын 26 алба хаагчийг бэлтгэл сургуулилтгүй нохдын хамт сургалтад хамруулсан юм. Сургалт Хил хамгаалах байгууллагын Баянчандмань дахь сургалт бэлтгэлийн цогцолборт явагдаж долдугаар сарын 29-нд төгсөлтөө хийлээ. Тэд энэ үеэр юу сурснаа тайлагнасан юм. Албаны нохой сургалтад анх удаа хоёр монгол банхарыг  хамруулснаараа тус сургалт онцлог болж чадлаа. Ингээд албаны хүнээс монгол банхар сургалтын үйл явцад  ямар байсныг тодрууллаа.

ОХУ-ын ХАБА-ны Хилийн нохойн сургалтын төвийн ахлах багш, хошууч Карташев Л.И: -Монгол банхарыг анх удаа сургаж үзлээ. Их сонирхолтой санагдсан. Урьд нь дундад ази, кавказ нохойг сургаж байсан. Монгол банхар зан аашийн хувьд их тайван юм билээ. Тийм учир догшин занг нь гаргаж, аливаа зүйлийг сургахад бага зэрэг хүндрэлтэй байсан. Монгол банхарын хувьд удаан сурдаг хэдий ч сурсан зүйлээ мартах нь бага.  Банхар нохойг харуул хамгаалалтын чиглэлээр сургасан. Хойшдоо банхар нохойг харуул хамгаалалтаас гадна хар тамхи илрүүлэхэд сургавал илүү үр дүнтэй санагдлаа.

Эдгээр сургасан 26 нохой улсын хилийг хамгаалах үйлсэд үүрэг гүйцэтгэх юм.