Баруун бүсийн төвд Сургалтын нэгдсэн төв ашиглалтад орлоо
2015/07/31
УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон баруун бүсийн аймгуудад ажиллаж байна. Тэрээр энэ сарын 27-нд Ховд аймагт ажиллажээ. Засгийн газрын гишүүний хувиар орон нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны ахиц дэвшлийн тухай ярилцаж байгаа бол нөгөө талаар Батлан хамгаалахын сайдын хувиар орон нутаг дахь Зэвсэгт хүчний анги байгууллагад ажиллаж байна. Түүнийг дагалдаж Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, хурандаа Ш.Энхбат, ЗХЖШ-ын газрын дарга, хурандаа М.Эрдэнэдалай нарын албаныхан томилолтоор ажиллаж байгаа ажээ. Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхны хувьд эх орноо батлан хамгаалах их үйлсээс гадна ангидаа бүтээн байгуулалтыг өрнүүлсэн ажил ихтэйгээр салбарынхаа сайдыг угтаж авчээ. Тодруулбал, улсын төсвөөс нэг ч төгрөг авалгүйгээр өөрсдийн нөөц бололцоо болон орон нутгийн дэмжлэгтэйгээр Сургалтын нэгдсэн төвийг өөрсдөө барьж ашиглалтад оруулжээ. Энэ төвийн нээснээр баруун бүсийн аймгууд дахь Зэвсэгт хүчний анги байгууллагаас НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох алба хаагчдыг сургаж, ажиллагааны өмнөх бэлтгэлийг хангах боломж бүрдэнэ гэж үзжээ. Гэхдээ энэ санаачлага нь аажимдаа ажил хэрэг болох учраас эхний ээлжинд өөрсдийн алба хаагчдын сургаж мэргэшүүлэхэд түлхүү ашиглаж байхаа энэ ангийн захирагч онцолж байсан юм. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхны хувьд Батлан хамгаалах яамнаас 2015 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан бүтээж буй өөр нэг ажил гэвэл 32 айлын орон сууц юм. Энэхүү орон сууц энэ ондоо багтан ашиглалтад орох юм байна. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон анги салбарынхаа үйл ажиллагаатай танилцсаны дараа Ховд аймгийн нутгийн удирдлагуудтай уулзсан юм. Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбатын хувьд Ц.Цолмон сайдад уламжилсан нэг хүсэлт нь “Оюутан цэрэг” хөтөлбөрийг нь орон нутагт нь хэрэгжүүлэх өгөх тухай байв. Тэрээр хэлэхдээ “Манай аймагт 5000 гаруй оюутан суралцаж байна. Тэдний 2000 гаруй нь “Оюутан цэрэг” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжвэл хамрагдах боломжтой гэдгээ судалгаагаар илэрхийлсэн. Иймд энэхүү хөтөлбөрөө манай аймагт хэрэгжүүлэх боломж байгаа эсэхийг судлаад хариу өгнө үү” гэсэн юм. Батлан хамгаалах салбар дахь бүтээн байгуулалт үүгээр дуусахгүй.Энэ онд 63, 300 айлын орон сууцыг ашиглалтад өгнө. Зэвсэгт хүчний Хөгжлийн сангийн хөрөнгөөр Баян-Өлгий аймагт 40, Зэвсэгт хүчний 016 дугаар ангид 20, 353 дугаар ангид 20 айлын албан тушаалын байрыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн Зэвсэгт хүчний анги, салбарын ажиллаж, амьдрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхээр Зэвсэгт хүчний 120 дугаар ангид Соёл, спортын цогцолбор, Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд 800 хүний багтаамжтай цэргийн байр, спортын цогцолбор, БХИС-ийн спорт цогцолбор, БХХСАХНЭ-ийн барилга зэрэг бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй явагдаж байна.