-АН-ынхан засгаар хоёр дахь удаагаа тоглолоо-


Эдийн засаг хямарсан үед улс төрийн тогтвортой байдал чухал гэдгийг хэн хэнгүй ярьж, хэлж байгаа. Гэтэл үүнийг АН-ынхан юман чинээ тоосонгүй. Н.Алтанхуягийн Засгийн газрыг намынхан нь өөрсдөө унагаасан. Энэ бол шившигтэй хэрэг. Харамсалтай нь энэ үйлдлээ хоёр дахь удаагаа давтлаа. Өөрөөр хэлбэл, Шийдлийн гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газар тэдэнд хангалтгүй санагджээ. Олонхи гэх “цол”-той АН-ынхан МАН-ынхаа зургаан сайдыг хөөж, огцруулах тогтоолын төслийг ч гэрлийн хурдаар өргөн бариуллаа. Үүнийг “АН-ынхны явуургүй тоглоом” гэж үзэх хүн олон байна.

 
Ч.Сайханбилэг Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон дариудаа “Эдийн засаг” гэдэг үгийг гурвантаа хэлж, хямралаас гаргаж, эдийн засгаа өөд татна гэж том амлалт өгсөн. Түүний бүрдүүлсэн танхим нь, өөрөө эдийн засгаа аварсан уу. Өнөөдөр бүх зүйл бахь байдгаараа, Монголд хөрөнгө оруулах сонирхол гадныханд төрөхгүй явна. Яагаад гэвэл, улс төр нь тогтворгүй, улстөржилт нь хэрээс хэтэрсэн, нэг намын эрх ашгаар хөдөлж байгаа үед хэн хөрөнгө оруулах бол. Ийм л асуулт хөвөрсөөр. Гэтэл болохгүй байгаа юм болгон МАН-ын зургаан сайдтай холбогдож, өөрсдөдөө хир халдаахгүй байгаа нь хэр зөв гарц вэ.


АН-ынхан гомдол мэдүүлж, МАН-ыг засагт хамтрахдаа хариуцлагагүй ажилласан гэж ил далдаар ярьж байна. Тэгвэл өмнөх засгийн үед эдийн засаг хямрах дохиог анзаарч, ирээдүйгээ биш юмаа гэхэд хоёр, гурван жилд юу болох вэ гэдгээ төлөвлөсөн үү. Харамсалтай нь Н.Алтанхуягийнхаа засгийн газрыг унагачихаад дахин засаг бүрдэн ажиллахад нь АН-ынхан хувь, хувьсгалын асуудлаар хандах нь хэр оновчтой шийдвэр вэ. Энэ асуултыг олон гишүүн сайд хэлэх байх. Гэхдээ тоглоом тоотой нь дээр гэдэг шиг улс төрөө тогтвортой байлгаж, эдийн засгаа өөд татвал сайхан хэрэг биш үү.

А.БИЛГҮҮН

http://www.newscom.mn/