Эрдэмтэн гэсэн болгон эрдэмтэй гэдэгт эргэлзэх цаг ирж. Эргэлзээд зогсохгүй нягтлах цаг болж. Монголчууд “Хар авдарт ном буй Хазгар өвгөнд эрдэм буй” гэлцдэг байв. Одоо цагт “Харвардад сурвал хүнд тооцно Харьд хамгаалбал эрдэмтэнд тооцно” гэх нь холгүй л байна. Тийм ч биз, үгүй ч биз. Хүн болгоны оюуны ай сав өөр өөрийн багтаамжтай болохоор харьд очоод халбага төдий эрдэмтэй ирсэн нь ч бий, энд сураад энгүй ихийг мэдсэн нь ч бий. Үндсэн сэдэв биш учраас үүнийг орхиод үгүүлэх нь:
 
Эрдэмтдийг төгссөн сургууль, хамгаалсан газраар нь үнэлдэг уламжлал манайд социализмын үеэс тогтож хэвшсэн. “Ай яа яа, тэр чинь Ломоносов төгссөн” гээд чимээгүй болдог байлаа. Тэр үед Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль монголчуудын сурч болох хамгийн нэр хүндтэй сургуулийн нэг учраас тэгдэг байж. Ер нь ингэж сурсан сургуулиар нь үнэлэх явдал дэлхий даяар тогтсон жишиг байсан. Одоо ч байна. Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн тоонд багтахын төлөө хатуу чанга шүүлтүүрийг давах гэж олон олон сургууль чухам л үгээ хэлж, үсээ үгтээж байна. Гол нь нэр хүнд өөрөө капитал учраас сургуулиуд ийнхүү тэмүүлдэг.
 
Харин эрдэмтдийн тухайд үнэлэмжийн ямар шалгуур байна вэ? Хаана төгссөн, хамгаалсан нь шалгуур мөн үү гэдэг асуулт гарна. Ямар сургууль төгссөн нь анхаарах хүчин зүйл мөн. Гэхдээ тухайн сургуулийг ямар амжилттайгаар төгсөв гэдэг бүр чухал үзүүлэлт.
 
Тэгтэл сүүлийн үед илүү шудрага хэмжүүр бас бий болоод байна. Тэр нь технологийн хөгжил даган аливаа мэдээллийг чөлөөтэй эрж хайх, ашиглах боломж бий болсонтой холбоотойгоор тухайн эрдэмтний эрдэм шинжилгээний бүтээлийг дэлхий даяар хичнээн удаа эшлэв гэдгээр нь эрэмбэлэх болсон явдал юм.  Энэ бол туйлын шудрага хэмжүүр. Эрдэм судлалын ажил хийж байгаа хүн хамгийн түрүүнд тухайн сэдвийнхээ судлагдсан байдалд анхаарал хандуулдаг. Хамгийн чухал гэсэн бүтээлүүдийг сонгон эшлэл авдаг. Тийм болохоор эшлэлийн индекс гэдэг ойлголт сүүлийн үед бий болж, хэний бүтээл шинжлэх ухааны эргэлтэд хамгийн ихээр орж дэлхийн хэмжээний эрдэмтэн болж вэ гэдгийг бэлхнээ хэлээд өгдөг болжээ.
 
Өнөөдөр Tomson Reuters компанийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Web of Science гэдэг шинжлэх ухааны бүтээлүүдийн эшлэлийн нэгдсэн сан энэ чиглэлдээ толгой цохиж байна. Эдний мэдээллийн  санд шинжлэх ухааны 120 мянга гаруй сэтгүүл,эрдэм шинжилгээний 150-иад мянган хурлын материал бий гэдэг. Сонирхоод үзвэл Scopus, Web of Knowledge, Pub Med гэхчлэн эрдэмтдийн эшлэлийн тухай мэдээллийг  шинжлэх ухааны салбар тус бүрээр нь ангилан оруулсан иймэрхүү мэдээллийн сангууд олон байна.
 
Мэдээлэл ийм нээлттэй болсон үед манай ШУА монгол эрдэмтдийнхээ чансааг салбар салбараар нь жилдээ нэг удаа зарладаг болчихвол эрдэмтдийг илүү тэмүүлэлтэй бүтээлч болгомоор санагдана. Ялангуяа ид хийж бүтээх үедээ яваа 40-45-аас доош насны эрдэмтдийн чансааг албан ёсоор тогтоон зарлаж байвал өрсөлдөх чадвар, бүтээлч байдал хавьгүй  нэмэгдэнэ дээ.
 
Хамгийн олон эрдэмтэнтэй салбарын нэг болох анагаах ухааны чиглэлээр монгол эрдэмтдийн эшлэлийн индексийг googlescholar search-ээр хайлт хийж үзэхэд Б.Мөнхбат 824, Ж.Амарсанаа 735, Т.Оюунсүрэн 490, С.Баасанжав 419,  Б.Амарсайхан 316 удаа тус тус бүтээл нь эшлэгдсэн амжилтаар тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, эрдэм судлалын ажлаас нь энд тэндхийн эрдэмтэн мэргэд эшлэж дээжлэх хэмжээнд хүрсэн хүмүүс. Эдэн дунд гадаадад эрдмийн ажлаа ид хийж буй эрдэмтэд ч байгаа байх, эх орондоо ирээд сурсан судалснаа ард олныхоо төлөө зориулж яваа нь ч байгаа байх. Овог нь содон болохоор Эрүүл мэндийн дэд сайд асан Жазагийн Амарсанааг монгол эрдэмтэд дундаа хоёрт эрэмбэлэгдсэнийг нь мэдээд намтрыг нь зориуд олж үзлээ. Тэрээр Монголдоо уламжлалт анагаах ухааны чиглэлээр дээд сургууль төгсөөд Токиогийн их сургуульд 8 жил суран магистр, доктороо хамгаалж, Харвардын их сургуульд багшилж байсан хүн юмсанж. Дэлхийн шилдэг их дээд сургуулийн нэгийг нь дүүргэж, нөгөөд нь багшлана гэдэг оюуны бяртай, жинхэнэ эрдэмтэн хүний хийх ажил. Түүнийг би улстөрийн өнцгөөс харж өрөөсгөл дүгнэж явсандаа санаа зовлоо. Бид ер нь хүнийг  албан тушаалаар нь дүгнээд, үнэн чанартаа өнгө нидэр хоёрыг ялгахдаа тааруухан болж байгаагийн нэг жишээ энэ юм. Зүй нь монгол бахархлын бодит жишээ мөнөөс мөн дөө. Зөвхөн нэг хүнийх нь намтрыг харахад ийм байгаа юм чинь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, өндөр чансаатай болсон бусад эрдэмтдийнх нь талаар тодруулбал сонин байж болох ч энэхүү нийтлэлийн зорилго биш учраас орхив.
 
Эцэст нь хэлэхэд эрдэмтэн судлаачдын эрэмбийг үнэн зөв тогтоох, судалгааны өгүүлэл, номонд буй хуурамч эшлэл зүүлт, бусдын бүтээлээс хуулсан хулгайлсан хэсгийг илрүүлэх, гадаадад төгссөн нэртэй хуурамч дипломтнуудыг илчлэхэд улс орнууд мэдээллийн харилцааны технологийн ололтыг үр дүнтэй ашиглаж байгааг манайхан анхааралдаа авч, ажил хэрэг болговол эрдэмтдийн чансаа нэмэгдэж, улмаар эрдэм судлалын ажлуудынх нь үр өгөөж дээшлэхсэн билээ.
 
Урианхан Б.Галаарид
 
Сэтгүүлч, судлаач Б.Галааридын бусад нийтлэлийг duuren.mn сайтаас уншина уу?