17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомттой
2015/08/06
Нийслэлийн Засаг даргын “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 2015 оны А/645 дугаар Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлд тарваган тахал болон мал, амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтран 24 цагаар Сонгинохайрхан дүүргийн 22-ын, Эмээлт түүхий эдийн зах, баруун туруун, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх-биокомбинат, Баянзүрх дүүргийн Баянзүрх, Налайх дүүргийн 5 дугаар хороо Городок, Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто техникийн 7 шалган бүртгэх товчоодод “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-үүдийг байгуулан ажиллаж байна.
Мөн Хяналтын хөдөлгөөнт эргүүлийг Чингис хаан нисэх онгоцны төв буудал, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хилийн эрүүл ахуй халдвар судлалын алба, Төмөр замын төв буудалд Төмөр замын Мэргэжлийн хяналтын алба, Баянгол дүүрэг “ТОСО” худалдааны төв, Сүхбаатар /7 буудал/, Баянзүрх /Гачуурт/, Чингэлтэй /Гүнт/ дүүргийн нутаг дэвсгэр дэх цагдаагийн суурин пост, бусад дүүрэгт цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийг хот дүүрэг рүү ордог баталгаат бус замуудад тус тусын цагдаа, хэв журам сахиулах албадтай хамтран зохион байгуулна.
Монгол Улсын 17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомттой бөгөөд жил бүрийн найм, есдүгээр сар нь тарваган тахлын халдварын идэвхжил өндөр байдаг.
2014 онд 198 ширхэг зөөвөрлөгдөн ирсэн тарваганы мах илрүүлж, зөрчил гаргасан 34 иргэнд 12.387.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулсан ба тарваганы махыг Ховд, Завхан, Архангай, Төв аймгийн Мөнгөнморьт сум зэрэг газраас түүхий болон чанаж болгосон хэлбэрээр оруулж ирэхийг завдсан байна.
Энэ оны хувьд Ховд аймгийн Булган суманд 14 настай эрэгтэй хүүхэд тарваган тахлын булчирхай хэлбэрийн өвчлөлөөр нас барсан нь тогтоогдсон бол 6 дугаар сарын 20-оос хойш нийслэлд 370 ширхэг тарваганы махыг түүхий болон чанаж болгосон хэлбэрээр оруулж ирэхийг завдсаныг холбогдох хууль хяналтын байгууллагууд таслан зогсоож Зооноз өвчин судлалын үндсэний төв хүлээлгэн өгч устгасан.