Ардын намын зургаан сайдыг огцруулснаар эрх баригч намын санаа амрав уу гэтэл үгүй бололтой. Харин ч дотоод“зодоон” нь даамжирсан сурагтай. Өөрөөр хэлбэл, зургаан сайдыг гаднаас биш дотроос томилохоор болсон нь АН-ын олон фракцийн хооронд “алаан” болох шалтгаан болжээ. Сандал суудал, эрх мэдэл гэхээр нүдээ ухаж өгөхөөс ч буцдаггүй АН-ынханд зургаан сайдын суудал хэтэрхий багадаж байгаа бололтой, хувааж авах гэж“хөөрхөн” юм болж байна гэнэ. Учир нь, хэдийгээр МАН-ыг засгаас гаргасан ч “Шударга ёс” эвсэл болон ИЗНН-тай цаашид хамтрах нь АН-ын ирээдүйд ус, агаар шиг хэрэгтэй учир эрх баригчдад ердөө гурван суудал нь оногдож байгаа бололтой. Ямартай ч АН-д өнөөдөр намдаа хэрхэн яаж“гавьяа” байгуулсан бэ гэдэг уралдаан ид өрнөж байна гэнэ.

 

МАН-ын сайд нарыг огцруулахтай зэрэгцэн АН-аас сайдын суудалд залрах эрхмүүдийн нэр хэвлэлээр гарч эхэлсэн нь Д.Арвин, А.Бакей, Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан, Л.Эрдэнэчимэг гэх нэрс. Гэхдээ эдгээрээс хамгийн түрүүнд хасагдах нь Д.Арвин гишүүн гэнэ. Тэрбээр намаасаа урван байж АН-д очсон төдийгүй, МАН-ын сайд нарыг огцруулахад хамгийн их үг хэлж, өөлж баалж байсан ч түүнд “шагнал” ирэхгүй бололтой. Учир нь, хэзээнээсээ Ардын намаар овоглож ирсэн Д.Арвинг АН-ын зүтгэлтэн, тэр бүү хэл, сайдын суудлаар “шагнуулах гавьяатан” гэж хэн ч харахгүй байна. Тэр тусмаа намын дарга З.Энхболд үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа болохоор Д.Арвин гэдэг нэрийг хамгийн түрүүнд хасахаар байгаа гэнэ.

 

Харин Г.Баярсайхан гишүүн хэвлэ-лийнхэнд“Гишүүнийхээ үүргийг биелүүлээд явна” гэж байгаа ч цаагуураа сайдын суудалд очих гэж чамгүй зүтгэж байгаа гэсэн. Түүнд намдаа үнэлүүлээд байхаар“гавьяа” байхгүй бөгөөд ядаж л Л.Эрдэнэчимэг гишүүн шиг Тавантолгойн ажлын хэсгийг ахалж, хаваржин хуралдаад ч шийдэлд хүрэлгүй, засагт буцаасан шиг том“гавьяа” байгуулаагүй учраас Зэ дарга Г.Баярсайханаас илүү Л.Эрдэнэчимэгийг илүүд үзэж байгаа гэнэ. Харин бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт Сангийн яамыг атгуулах магадлал маш өндөр байгааг эх сурвалж дуулгаж байна. А.Бакей гишүүний хувьд сайд болох хүмүүсийн хамгийн түрүүнд нэр нь яригдаж байгаа юм билээ.

 

АН-ын тухайд ийм байгаа бол “Шударга ёс” эвсэлд Шадар сайдын суудлыг өгөхөөр тохироод байгаа бөгөөд уг суудалд Н.Батцэрэг эсвэл Б.Тэрбишдагва нарын нэр яригдаж байгааг батлах хүн бий. Харин бие даагчид өнгөрсөн хугацаанд хүчтэй сөрөг хүчин байхаа зарлаж байсан бол өдгөө МАН гэх тэднээс ч хүчтэй сөрөг хүчин бий болсон учраас энэ байр суурь өөрсдөд нь зохихгүй гэж үзсэн бололтой засагт багтах сонирхлоо хэдийнэ илэрхийлээд авсан гэнэ лээ. “Босоо” Ганбаатар гишүүнийхээ үүргийг сайн гүйцэтгэнэ гэж байгаа бол Ц.Даваасүрэнгээ сайдын суудалд сойхоор ярилцаж байгаа сурагтай. Ямартай ч энэ мэтээр эрх баригчид хэдэн сайдын суудлаа хуваарилах гэж багагүй юм болж байгаа аж.

 

М.Өнөржаргал