Эрүүгийн өршөөлийн хуулийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай дэгээр хэлэлцэж байгаа нь олон хүний анхаарлыг татаж буй. Чухал хуулиа хаалттай горимоор биш нээлттэй хэлэлцэх учиртай ч ханцуй дотроо хуулийн заалтаа “наймаалцаж” байгаа нь хэр шударга вэ. Өршөөлийн хуулийг хоёр жилийн өмнө өргөн барьсан. Гэвч олон жил дуншсаны эцэст батлахаар хэлэлцэх үед улс төрийн гэмт хэрэгтнүүдийг өршөөхөөр зүтгэж байгаа гэх. Эрүүгийн гэмт хэргийн зарим зүйл заалтаас болж ялын өндөр хэмжээ тогтоолгож, өргөст торны цаана сууж байгаа иргэн олон бий гэдэг. Тэднийг энэ хуулиар алдаагаа ухамсарлахад нь боломж олгох ёстой гэдгээр анх хуулийн төслийг санаачилсан гишүүд бий. Хэдийгээр гэмт хэрэг болгоны цаана хохирогч үлдэж, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирдог. Гэтэл хаалттай хаалганы завсараар шагайхад Өршөөлийн хуулиар гэмт хэргийн хохирлыг барагдуулаагүй тохиолдолд ч өршөөл үзүүлэхээр хуульчилахыг оролдож байгаа аж. Ингэснээр авлигалын сүлжээ, идэж уудаг бүлэглэлүүд, улс төрийн гэмт хэрэгтнүүд нь өршөөгдөж, энгийн иргэд нь өргөст торны цаана үлдэх вий гэдэг хардалт үүсээд байгаа юм. Тиймээс авлигал, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөж болохгүй гэдгийг УИХ-ын зарим гишүүн илэрхийлж байна. Тэгэхээр 76-д хамааралгүйгээр Өршөөлийн хуулийг баталж чадах уу гэдэг анхаарал татаж байгаа юм.

Нөгөөтэйгүүр тансаг хаусуудыг шалгагдаж байгаа С.Баярын асуудал Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн нүүрсний хэрэг, Урт нэртэй хуулийг эсэргүүцэж, Төрийн ордон руу буудсан хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Ц.Мөнхбаяр гээд олон хүнд өршөөл үзүүлэхээр яригдаж буй. Авлигатай тэмцэх газрын хувьд эрүүгийн 45 хэрэг өршөөлд хамрагдахаар байна гэдгээ зарласан юм. Харин Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдаж буй эрүүгийн 45 хэргийн улмаас улсад учирсан хохирлын нийт хэмжээ 12 тэрбум 243 сая төгрөг болж байгаа аж. Гэсэн ч эл хууль батлагдсанаар хуульд заасан хугацаанаас өмнө үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг илэрсэн ч эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэдэг үндэслэлээр чөлөөлөгдөхөөр болж байгаа юм байна.

А.БИЛГҮҮН

http://www.newscom.mn/