Монголын урлагийн хосуудын үлгэр жишээ ч гэр бүлүүдийн нэг нь Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар. Тэд  хууль сахиулахын их сургуулийн сургалтын төвөөр зочилжээ. 

 Тодруулбал, буурал жүжигчдийн хайртай ач хүү Б.Эрдэнэ хууль сахиулагч болох гараагаа эхэлж, олон аавын хөвгүүд, охидтой мөр зэрэгцэн Цэргийн анхан шатны мэдлэг олгох бэлтгэл сургалтанд хамрагдаж буй аж. Энэхүү сургалтанд амжилттай хамрагдаж, цэргийн тангараг өргөснөөр тэрбээр Хууль сахиулагч болохоор суралцах эрхээ олж авах юм. 

 

 

 Харин түүний өвөө П.Цэрэндагва сургалтын төв дээр зохион байгуулагдсан "Нээлттэй хаалганы өдөр"-ийн үеэр "Ач хүү маань олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн нүүр улайлгахгүй суралцана гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Миний ач, зээ нарын дундаас хууль сахиулах байгууллагын мэргэжлийн хүн нэг байх хэрэгтэй. Тэр ч үүднээс ач хүү маань өөрийгөө болон хамт олон, нийгмийг удирдан чиглүүлж авч явах ёстой. Миний ач хүү олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн нүүр улайлгахгүй суралцана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Мөн ач хүүг маань эр хүн болж төлөвшихөд нь энэ их сургуулийн нэмэр хандив их байх болов уу гэж боддог. Монгол Улсад сүүлийн үед эр хүн шиг эр хүн цөөрөөд байна уу даа гэж бодогддог. Ер нь амин ухаанд суралцсан хүн эрдмийн ухааныг хаана хэзээ ч сурч чаддаг. Өнөөдөр Монголд жудагтай, хийморьтой, тэнгэртэй, тэвчээртэй эр хүн хэр олон байгаа бол доо. Тиймээс ач хүүгээ төрд түшээ шиг түшээ болж явах тэрхүү алсын замыг нь бодож энэ их сургуульд сургаж байгаа юм"  гэсэн юм.

Мөн ач хүүтэйгээ цэргийн анхан шатны бэлтгэл сургалтын талбар дээр уулзах ямар санагдсан талаар сэтгэгдлийг нь асуухад "Энэ бол зөвхөн эхлэл. Цэргийн анхан шатны мэдлэг олгох бэлтгэл сургалт дуусаад тангарагийн баяр дээр нь очиж, ач хүүгээ ямаршуу эр хүн болж вэ гэдгийг харна. Мөн энэхүү сургалт дуусаад танхимын хичээл нь эхлэхээс өмнө миний ач хүү хэр зэрэг бэлтгэгдэж вэ гэдгийг нүднээс нь харж уншина" хэмээгээд суралцагчдад хандаж  “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэж сайхан үг байдаг. Тиймээс тусгай чиг үүрэгтэй энэ их сургуулийг сонгон суралцахаар шийдсэн бол эцсийг нь үзэх хэрэгтэй. Дөнгөж эхэлж байхад нь шантраад байх юм бол цаашид яаж суралцах билээ. Ач хүү маань сая өвөө, эмээтэйгээ уулзаад “Санаа зоволтгүй, юм дөнгөж эхэлж байна” гэж хэлсэн. Би ач хүүгээ энэ талаар ухаарч ойлгож өдий хүрсэн гэж бодож явдаг" юм шүү гэж захилаа.