Авлигачдад ”өгөөмөр” өршөөлийн хууль
2015/08/14
Төрөөс хэдэн тэрбумаар нь идчихээд ганцхан хууль гаргаад өршөөгдчихдөг үнэхээр мундаг, “бурхан заяа”-тай хүмүүс байх юм аа. Энэ хүмүүсийг “төрбумтан”-ууд гэх үү, “хулгайч” гэх үү. “Хулгайч” гэхээр Өршөөлийн хуульд хамрагдаад огтоосоо хэрэг хийгээгүй, цав цагаан цаас шиг “гөлгөр амьтан” гараад ирэхээр арай ч боломгүй юм шиг. “Төрбумтан” гэвэл яг зохих юм байна.
2015 оны наймдугаар сарын 7-ны өдөр АТГ-аас мэдээлэл хийсэн. Тэрхүү мэдээлэлд өнөөдрийн байдлаар 55 хэрэг мөрдөн байцаах шатанд шалгагдаж байгаагаас 45 хэрэг нь Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгааг олон нийтэд хүргэсэн. Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямын мэдээлснээр АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст, прокурор, шүүхийн шатанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлж хянасан хэлэлцэгдэж байгаа 18 хэргээс 14 хэрэг, түдгэлзүүлсэн 24 хэргээс 16 хэрэг, мөрдөн шалгах ажиллагаанд байгаа 45 хэрэг гээд нийт 75 эрүүгийн хэрэг өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой гэнэ. Тухайлбал ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэставантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэнгийн 5.3 тэрбум төгрөг, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүхийн 13 тэрбум төгрөг хуулийн үйлчлэлд хамрагдаж өршөөгдөнө гэсэн үг.
Монгол Улсын төрөөс хумсалсан энэ их мөнгийг хэн эргүүлж төлөх вэ. Өршөөлийн хууль өргөн барьсан УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нарын 24 хүн төлөх үү. Татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшчихаад ямар ч гэм зэмгүй, хэрэг хийгээгүй болж өршөөгдөнө гэдэг ард түмэнд дэндүү хохиролтой. Адаглаад Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль 305 зүйлтэй. Үүний 75 нь ерөнхий хэрэгт, 227 нь тусгайд хамаардаг аж. Энэ 227 зүйлээс авлигач, албан тушаалтнуудтай хариуцлага тооцох 10 зүйл байдаг гэнэ. Гэтэл “Шударга ёс” эвслийн автортой АН хүч түрэн баталсан Өршөөлийн хуульд дээрх 10 зүйлийг бүхэлд нь өршөөх шийдвэр гарчээ. Залилан мэхлэх замаар өмч завшдаг 148 дугаар зүйл, улсын хөрөнгийг үрэгдүүлэх 150 дугаар, банкны хууль тогтоомж зөрчиж асар их хэмжээний луйвар хийх хэргийг зохицуулдаг 156 дугаар зүйл, шинэ төрлийн гэмт хэрэгт тооцогддог мөнгө угаах, албан тушаал урвуулах, албан тушаал хэтрүүлэх, хээл хахууль авах, хээл хахууль өгөх, хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах асуудлыг зохицуулдаг зүйл заалтыг бүрэн хэмжээгээр нь Өршөөлийн хуульд хамруулжээ.
Иймэрхүү хуудуутай хууль баталсан эрх баригчид, “Шударга ёс” эвслийнхэн ирэх сонгуулиас өмнө төрөөс хулгайлсан түмний мөнгөө хууль ёсных болгох гэж улайрч байгаа нь үнэхээр ичмээр. Тэдэнд ингэж улайрах ганцхан шалтгаан бий. Ирэх сонгуулиар тэд ялж чадахгүй хүнд байдалд орно. Эрхбиш иймэрхүү эрсдлээ бодож түмний нүдийг сайхан үгээр халхалж байгаад баахан авлигчдаа “намгаас” татаад гаргачихлаа. Тэд үнэхээр мундаг юмаа. Авлигачдын нурууг тэнийлгэж, ард түмний нурууг атийлгалаа, АН, “Шударга ёс” эвсэл хоёр. Үүний тод жишээ нь, АМГ-ын дарга асан Д.Батхуяг /106 лицензийн асуудал/, “Татвар”-ын Ч.Гансүхийн 18 тэрбум төгрөгийн хэрэг, “Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүхийн 1.9 тэрбум төгрөгийн хэрэг гээд авлигачдын нуруу үнэхээр “сайхан” тэнийж байгаа биз. Харин авлигачдын идэж ууж, үрэн таран хийж шамшигдуулсан хөрөнгийг ард түмэн л татвараараа төлнө. Гэтэл авлигачид идэж уусан мөнгөөрөө нуруугаа тэнийтэл аялж зугаална гэж бодохоор арай л биш юм аа, эрх баригчдаа.
С.БУЯН