Хоёр долоо хоногийн өмнө 14 хоногийн хугацаатай зарласан УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр албан ёсоор хаалтаа хийх учиртай. Гэвч танхимын халаа сэлгээг хийх асуудал хэлэлцэгдэлгүй хүлээлт үүсгээд байна. 
 
МАН-ын намын зургаан сайдыг албан тушаалаа сонгуулийн сурталчилгаанд ашигласан хэмээн буруутгаж хөөсөн эрх баригч АН долоо хоногийн хугацаанд дараагийн зургаан сайдын нэрийг өргөн мэдүүлэх учиртай ч нам эвслийн бүлгүүд  тохиролцоогүй учраас хойшлоод байгаа юм. 
 
Н.Энхбаярыг улс төрийн хэргээс өршөөж, МАХН-д албан тушаал амлаж суудлын тохироогоо хийсэн ч АН-ын фракциуд дэд сайд, Төрийн нарийн бичиг, өөрт ногдсон сайдын суудалдаа хэнийг суулгах вэ гэдэг асуудлаар тохироо хийж чадаагүй бололтой. 
 
Юутай ч УИХ-ын Тамгын газраас ээлжит бус чуулганыг өнөөдөр хаана гэсэн мэдээлэл өгсөн бөгөөд дахин ээлжит бус зарлах эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ээлжит бус чуулганы хуралдаанаар нийт зургаан хуулийн төсөл хэлэлцэхээр товлоод байсан. Эндээс Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын хүсэлтээр хойшлуулсан бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөл үзүүлэх тухай хууль маргаан дагуулаад байна.Мөн зургаан сайдыг чөлөөлсөн асуудал ч өнөө хэр маргаан дагуулах шалтгаан болж байна. 
 
Б.Тогтох
Эх сурвалж: www.mminfo.mn