Жорлонгийн хувьсгал хэрэгтэй юу гэвэл үнэхээр хэрэгтэй,  бүр цаг алдалгүй шийдэх тохироо нь бүрдчихээд байгаа нийгмийн суурь харилцааны тулгамдсан асуудлын нэг юмаа л гэж шуудхан хариулчихмаар байна.
Жорлон гэдэг үгнээс ч цэрвээд, нэрэлхээд байх хэрэггүй юм, энэ үгийг гарцаагүй хэргэлэх, эсвэл хэрэглэмгүй  тохиолдол амьдрал дээр байж л байдаг зүйл.
Ухаандаа, жорлонгийн хѳтѳвчийг бие засах газрын суултуур гэх нь тохиромжгүй, боловсон жорлонг боловсон бие засах газар гэх нь бүр ч утгаггүй.
Гэтэл, хѳдѳѳ айлд айраг ууж сууснаа гэнэт л сур харвах юм болоод, танай жорлон хаана байна гэвэл гэрийн эзэн таатай хүлээж авахгүй нь мэдээж, ийшхнээ гээд ойрхоны сондууль, жалга руу толгой дохих нь ойлгомжтой.

Жорлон бол байгалийн нѳхцѳл дор биеэ засаж, физиологийн хэрэгцээгээ хангах газар биш, угтаа бол хүний гараар бүтээгдсэн эрүүл ахуйн чухал шаардлагатай боловсон байр сав, орчин юм.
Үйл үгийн язгуур дээр лан(4)-г залгаж үйлдлийн оронг үүсгэж болдог үг авиа, утга бүтээх дүрмийн гаргалгааг манай хэлний их хүн Шаравын Чоймаа хийсэн байдаг. Тэрээр, орчлон гэдэг үгээр жишээ авч тайлбарласан юм билээ. Орчих гэдэг үйл үгийн язгуурын араас -лон залгахаар даяар орон зайг илэрхийлсэн нэр үг үүсч байх л жишээний юм. Урлах эрдэм-ийн язгуур ур-ын араас -лан дагаад орохоороо урлан гээд урлах ажилбар хийх байр орон гараад ирэх гэхчилэн. Жаргалан, зовлон ч мѳн л ялгаагүй үйлийн үрийг сайн, муугаар эдлэх орон зай юм.
Жорох, сарих гэдэг үйлүүдийн тухайд би Чоймаа доктортой санал солилцож байсан. Эртний монгол хэлний баларсан, хуучирсан үг хэллэгийн санг судалдаг эрдмийн хүмүүстэй харьцсан нь дээр дээ, гэхдээ мал дээр биш хүн дээр юм болoхоор баах, шээх гэснээс л хавьгүй дээр юмдаа гэдгээр тэрээр асуудлаас аятайхан бултчихаж билээ. Жорох, сарих үйлийн илэрхийлэл ѳнѳѳ цагт бол нохой, муурхан дээр л үлдэв шив дээ.
Одоо, үгээр хѳѳцѳлдѳхѳѳ орхиод агуулга руугаа орох минь.
 
Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагаа хүртэл байгалийн орон зайд гүйцэлдүүлсээр ирсэн нүүдэлчин ахуйн уламжлал соёлт монголчуудын хувьд дэлхийн даяарчлал, соёл иргэншилтэй зэрэгцэн энэ зүг рүү чанарын ѳѳрчлѳлт буюу хувьсгал хийх шаардлага орж ирж байгаа. Монгол зон олон алийн болгон байгалийн боол болж, түүний эрхшээлд, аясаар нь хумигдаж суух юм бэ! Орчноо ѳѳрчлѳх бол ХҮН ДЭЭД үзлийн хѳрсѳнд буусан хэлбэр гэцгээгээд байгаа биз дээ. Амьдрах орчноо ѳѳрчилж чадах эсэх нь амьдралын сайн муугийн хэмжүүр биш гэж үү!

Эрүүл ахуйн хувьсгал хийх шаардлагатай, энэ ажлыг Аглагийн хийдээс эхэлнэ гэж саяхан золигт гарсан Оюунхорол сайд зоригтой гэгч нь хэлж харагдсан. Мань сайд мэдээж, энэ зун Хѳвсгѳл рүү хѳвѳрсѳн үй түмэн жуулчдыг даган гарсан олон асуудлаас санаа аваадх шиг болсон, ер нь бол сайн мэдрэмж гэж ойлгож байна.
Шийдлийн Засгийн газар энэ хувьсгалыг үнэхээр үр дүнтэй хийе гэж шийдэж байгаа бол сэглэх хэрэггүй, байгаль орчныг хамгаалах, нийгмийн эрүүл ахуй, бизнесс гэсэн 3 том зураглалаар, ѳргѳн хүрээтэй харж, жорлонгийн хувьсгалын үзэл санааг хѳгжүүлж, том хэмжээний тѳсѳл хийн чинээнд нь тултал явах нь зүйтэй юм болуу гэсэн шүү юм хувьд бодогдов. Ялангуяа жорлонгийн бизнесс барууны орнууд, ѳмнѳд хѳршид түгэн газар авч зүйрлэвээс хар тамхины тариалангаас ч давсан ашиг олцгоох болсноос ч санаа авмаар юмуу, энэ тухай ялимгүй хожим ѳгүүлнэ.

Нэгэн зураглал бол байгаль орчны хамгаалал. Хот суурин газруудын гэр хорооллын үй түмэн ил жорлонгоос болж худаг, ундны ус бохирдож байгаа фактыг мэргэжилтнүүд аль хэдийн судлаад гаргаад тавьчихсан байна лээ. Харин тэр баримтыг олж үзээд мэл гайхан цочирдсон улс тѳрч нь хэд байгаа бол. Ил жорлонгийн бохирын биологийн хор хѳрсѳн доогуур нэвчиж, байгаль ѳѳрийгѳѳ цэвэршүүлэх дархлааг үгүй хийж цэвэр усны ундаргыг идэмхий натри шиг хѳнѳѳж байна. Илээр морь харсан бүхний шүвтрийн шингэний баяжмал борооны усаар арвижин анхилуун хѳрсийг хордуулан зүлэг ногоо ургахын аргагүй болгож байна. Энийг жижиг асуудал гэх хүн мэдээж байгаа. Тэгвэл нийслэлчүүд саяхан хатан Туулаа бохироороо дүүргэж, хотоороо жорлон болох шахсаныг бол жижиг асуудал гэж хэн ч хэлж чадахгүй байх. Хүнд байдлаас гарах үзэл баримтлал ч ѳнѳѳдрийг хүртэл л лавтаяа алга, цаашид ч ийм нѳхцѳл үргэлжилсээр байх болтой.

Нэгэн зураглал бол нийгмийн эрүүл ахуйн хамгаалал, иргэдийн амьдралын тавлаг орчин. Хүн, хоол ундгүй удаан байж чадна, гэтэл ѳтгѳн нь доошоо тулчихаад, шингэндээ давсаг нь чинэчихээд байгаа хүн хэдэн хором тэвчиж чадах вэ? Гадаадын жуулчид, иргэдээ хаа тааралдсан газраа учраа ол гээд байгаа юм шиг орчин улс даяар ноёрхоод, түүнээсээ салж чадахгүй ѳдийг хүрч байгаа нь л нэн гайхалтай. Ардчиллын гэх 25 жилд ч энэ чиглэлээр олигтой юм хийгдсэнгүй, эс үйлдэл нь хорт үйлдлээс илүү хортой гэдэг байхаа. Бид чинь  хэддүгээр зуунд амьдраад, соёл иргэншлийн ямаршуу тѳвшин рүү тэмүүлээд явж байгаа ард түмэн билээ дээ, ингэхэд. Ил жорлонтойгоо ѳшѳѳ хэдэн жил явах үйлийн үртэй ард түмэн бэ бид!
Удахгүй нийслэлдээ АСЕМ хуралдуулна, 5 сая жуулчин авна гээд хѳѳрцѳглѳѳд байгаа, жорлонгийн асуудлаа ч шийдэж чадаагүй сууж байдаг, нүдний булайгаа дэлхийгээр нэг сурталчлах л юм хийх нь энүү дээ.
Нэг бяцхан түүх ѳгүүлсү!

Дэлхийн энергийн тѳв гээд л гадна, дотнын тоо томшгүй олон хүн Хамрын хийд рүү цувцгааж байна, би ч бас дутсангүй. Дорноговь аймгийн тѳвѳѳс тэр хийдийг хүртэл засмал зам тавьчихжээ. Хүнд ачааны шалаанз ганц нэг удаа хулгайгаар орсон болтой,  наранд халж зѳѳлѳрсѳн гадаргыг нь хуйлруулан энхэл донхол үүсгэснийг эс тооцвол толийсон сайхан замаар давхисаар дѳхѳж очлоо. Их Говийн догшин хутагт Дулдуйтийн Данзанравжаагийн туурий нь суулгаж бүтээсэн Шамбалын оронд очиж, Их хутагтын хувилсан дүртэй учрахаар зорьсон хэрэг маань бүтэх тийшээ хандаж нохойн дуу нэгэнт ойртлоо. Шамбалын оронд зорчих хүмүүс бүртгүүлэх гэхдээ эхлээд морь, унаанаасаа түр бууж дагшин газраас цагаан чулуу авч аман дээрээ барин нэр усаа хэлж шивнэн шившээд байсан газарт нь буцаагаад ѳргѳдѳг уламлалтай юм байна, ёсоор болголоо. Тѳрийн ордонд орох зѳвшѳѳрѳл авахаас ч хавьгүй амар мѳртѳѳ гүн хүндэтгэлтэй юм хэмээн бодож амжив.

Орой бүхэн нэгийг санаж
Одот ертѳнцийг хүндэтгэн харж бай
Эрхст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг хайрлах болно
   Ѳглѳѳ болгон эртхэн босч
   Ѳндѳр тэнгэрийн нарыг харж бай
   Огторгуй хурмаст уужмын хутгаа
   Оюун ухаанд чинь хайрлах болно гэж сургасныг мѳрдлѳг болгон энергийн тѳв гэх сүрлэг толгой ѳѳд гаран жаргах нарыг, маргааш нь үүрээр ѳѳр нэг аараг дээр гарч мандах нарыг үзэж бие сэтгэл, дотоод энергиэ сэргээв. Аймаг, сумын наадмаас ч дутахгүй олон хүн цуглаж, хувилгаанд сүсэглэн мѳргѳж амь амьдралаа даатгах, агуйд хүслээ шивнэх, энергийн оохор чулуун дээр хѳрвѳх, гол овооны ѳмнѳ зогсоод Үлэмжийн чанарыг бүтэн эхээр нь дуулах, бүсгүй хүний хѳхѳнд эхийн сүүг билэгдэн цагаан сүү ѳргѳх...гээд янз бүрийн сонирхолтой ёслолуудыг тэр олон хүн тун замбараатай, үнэн сэтгэлээсээ үйлдэж харагдлаа. Ялангуяа ѳглѳѳний мандах нарыг гараа алдлан угтаж байгаа олон түмний хурайн дууг сонсохуйд зүрх сэтгэл огшиж байв. Тэнд мухар сүсэг гэхээсээ илүүтэй ЮНЕСКО-д бүртгэлтэй агуу монгол соёлоо дээдлэн хүндэтгэх, ѳѳрт байгаа сэтгэлийн зовлонгоо бага ч болов нимгэлэх гэсэн хүмүүс л нутаг орны ѳнцѳг булан бүрээс хуран цугладаг юм шиг санагдсан. Харь хэлээр ярьсан шар толгойтой хүмүүс ч зѳндѳѳ л байсан, миний хувьд, би сэтгэлээ сэргээчихлээ шүү дээ гэж бодохоос л дотроо цаанаа нэг ѳег байв. Амьдралын минь энхэл донхолд тохиолоор орж ирсэн азтай, бас таатай мѳчүүдийн нэг бол энэ байлаа.

Оройн жаргах наран, ѳглѳѳний мандах нарны хооронд хоног тѳѳрүүлэх хүмүүсийг саатуулах боломжийг ашиглан жижиг бизнесс хийхээр зэхэж, Хийдийн хаяа хашааг бараг л дэрлүүлэн эгнүүлж барьсан гэр буудлууд тоо томшгүй олон юм. Урьдчилж захиалсан гэртээ орж хоол захиалчихаад...хүүхээ, хүндэрчих, морь харчих газар хаахнуур байгаа билээ гээд үйлчлэгч охиноос асуугаадхав. Жорлон бүгд хаалттай, ганц онгорхойд нь орох аргаггүй болсон байхаа даа, баруун жалга руу унаа машинаараа явбал харин...гэдэг юм байна. Сонирхоод, ганц жорлон руу нь дѳхѳж очтол эрүүл газар олж гишгэх аргаггүй болжээ, үмхий үнэрт нь толгой эргэн огиудас хүрэв. Заасан жалга руу нь очтол дээрдэх ч юм алга, цаасны хог гэж найгүй. Хоол идэх дур сонирхол тэр дороо алга болов. Нѳгѳѳ шар толгойтой хэд яаж яваа бол гэхээс дотор аягүйцэв.
Амьдралд маань тохиолдсон гунитай мѳчүүдийн нэг энэ байлаа.

Нэгэн зураглал бол жорлонгоор том бизнесс үүсгэх тѳсѳл юм. Улаанбаатарт Бээжингийн гудамжны мод ургаад байдаг, ѳѳр газар тарьсан мод ургадгүйн гол шалтгаан нь бордоондоо байгаа юм. Эрээн хот, бохироо зэгс. хулсан ойн битүү  шугуй дундуур урсгаж цэвэршүүлээд, эргүүлж сүлжээнд оруулаад гудамжны модоо усалдаг технологтой юм гэсэн. Очиж үээгүй, гэхдээ цэвэршүүлсэн усан санд нь загас хѳвж байдаг гэж үзсэн хүний амнаас сонссоон. Шүүгдсэн бохироо ашиглан мод, сѳѳг ургуулах эрдэс бордоо хийдэг гэж дуулсан.
Австрид, том хотуудад ундны бус зориулалтын усны тусгаар сүлжээтэй. Шүүгдсэн бохирыг цэвэршүүлж үйлдвэрлэсэн бордоогоо Dьnger гэж нэрлэдэг. Сая тонн дюнгарийг ХАА, газар тариаланд 300-500 сая орчим еврогоор нийлүүлдэг юм гэнэ билээ гэж дуулсан. Жимс, ногоо, зүлэг, сарнай, тариалан...ѳѳр ѳѳр зориулалтын зүсэн зүйлийн дюнгарууд байдаг юм байна. Цэцэрлэг, гартен дэлгүүрүүдэд дюнгарыг чѳлѳѳтэй худалдана. Ялангуяа хавар, намрын цагт бол самар шиг гүйлгээтэй бараа бол бордоо байдаг юм билээ.
Улс шиг улсын нийгэм, зон олон нь таатай орчинд амьдрах анхан шатны нѳхцѳл эндээс л эхлэх байхаа!

И.Цэрэнхүү
Эдийн засагч, социологич