bayn-ulgii
 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх, туслах хийж байсан Ш.Жандос, П.Ариунболд хэмээх хоёр залуу ердөө жил хүрэхгүйн өмнө Геологийн төв лабораторийн захирал, Тамгын газрын даргаар томилогдож очингуутаа сайдынхаа хэл амыг таталж байсан билээ. Ш.Жандос нь Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд АН-ын засгийн үед мэргэжлийн бус салбартаа ингэж бялуу хүртэж байлаа. Намынхаа ах нарыг өгсөн “бялуу”-г хүртэхийнхээ хэрээр улам оодорч, “Төрийн албаны тухай хуул”-ийг ноцтойгоор зөрчин халаа сэлгээ явуулсан тухай хэвлэл мэдээллийн байгууллагаар гарч байсныг эрхэм уншигч та санаж байгаа байх.

Ш.Жандос нь ажилчдаа хууль бусаар халж, өөрийн танил талаа авч ажиллуулж байсан талаарх мэдээллийг өнгөрсөн оны төгсгөлд   www.mongolnews.mn сайтад нийтэлсэн байдаг. Тэнд дурдсанаар тэрээр 375 мянган төгрөгийн цалинтай жирийн нэгэн дээж зөөгчийг ажлаас нь үндэслэлгүй халж, өөрийн танилаа 500,000-аар цалинжуулж байсан талаар бичжээ. Ингэж л тэрээр “сайн ах” Н.Алтанхуягийнхаа нэрийг хөөдөж байлаа.

Гэтэл тэрээр өөрийн энэхүү хууль бус үйлдэлдээ гэмших нь бүү хэл ах нарынхаа “буян”, арга залиар улам дэвжиж, дээшлэхийг санаархаж эхэлсэн сурагтай. Тэрээр БОНХЯ-ны дэд сайдын суудлыг намынхаа ах нараас гуйж, бас ч үгүй зарим нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагаар өөрийгөө томилогдох магадлал өндөртэй нэгэн мэтээр бичүүлсэн бололтой юм.

Монголын төрийн нэр нүүрийг хэдхэн хүн нам, фракцаар талцаж, танил талаа төрийн албанд шургуулсаар унагаж байгааг Ерөнхийлөгч хэлж байгаа. Тийм ч учраас Геологийн төв лаборатори хэмээх чухал байгууллагын “голомтыг самрах” шахсан Ш.Жандос мэтийн залуучуудаа “шинэ боловсон хүчин” гэсэн сайхан нэрээр халхавч хийж АН чухал албан тушаалд томилохгүй байх ёстой.

Т.АЮУ Эх сурвалж: http://www.ontslokh.mn/