Жилээс жилд өсөн нэмэгдэж буй их дээд сургуулийн төлбөрийн асуудал улам хурцадсаар байгаа энэ үед оюутнууд төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж тайван жагсаал хийхээр болжээ. “Сургуулийн сургалтын орчин, хичээлийн хөтөлбөр, багш нарын заах арга барилд ямар ч өөрчлөлт гардаггүй байж жил бүр төлбөр нэмэгдэх нь шударга бус” гэж оюутнууд төлбөрөө төлөхөөс татгалзаж байна.

Тэд энэ сарын 17-нд буюу даваа гарагийн 12:00 цагт оюутны талбайд тайван жагсаалаа хийх юм байна.  Үүнийхээ дараагаар сургуулиудад шаардах бичиг явуулах бөгөөд үр дүнд хүртлээ бууж өгөхгүй, тэмцэх болно гэдгээ хэлж байна. 

“Мөнгөтэй нь сурна, мөнгөгүй нь дээд боловсрол эзэмших шаардлагагүй гэж юм.  Ингэх байсан юм бол ЭЕШ гэж байгаад яах вэ? Анхнаасаа эцэг эхчүүдийн мөнгөөр нь жагсаавал таарна” гэж оюутнууд бухимдаж байгаа аж.

Төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэх оюутнуудын хөдөлгөөнийг Монголын оюутны холбоо дэмжиж байгаа юм байна.  МОХ-оос сургуулийн удирдлагуудад сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийн зарцуулалт, оюутан сурагчдад тайлагнасан байдал, төлбөр нэмэгдсэн шалтгаан зэрэг мэдээллийг бичгээр өгөхийг шаардаж, шаардах бичиг явуулсан байна.

 

Эх сурвалж: TIMES.MN