ШӨХТГ-аас  ус, дулаан, цахилгаан түгээдэг аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдлоо. Тухайлбал хувийн орон сууцны ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай “Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах” гэрээ хийж, гэрээний 3.2.11-д +ашиглалтын зардлыг орон сууцны оршин суугчидтай харилцан тохиролцож гаргахаас гадна дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнд тусгана гэж заасан байтал хэрэглэгчтэй харилцан тохиролцолгүйгээр “Тэлмүүн орд” ХХК “узелийн цахилгааны зардал” нэрээр сард нэг өрхөөс 2800, “Богд асар” ХХК “ус дулаан дамжуулах төвийн зардал” нэрээр 6000, “Бадамлах нар” ХХК “насос тог” нэрээр 2475-11000, “Батбуян дулаан” ХХК “ЦТП” нэрээр 11000, “Тунамал өргөө” ХХК “УДДТ” нэрээр 2600 төгрөгийг тус тус авч байсан нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9-т “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно.” гэж, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т “тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх;” 9.2-т “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Мөн “Тунамал өргөө” ХХК нь орон сууцны халаалт доголдолтой үед орон сууцны айл өрхөөс дулаан эрчим хүчний төлбөрийг бүрэн авч байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна.
Түүнээс гадна Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 189 дүгээр тогтоолоор батлагдсан “Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журам”-ын 3.6-д “айл өрхийн халаалтын төлбөр тооцох талбайг Монгол улсын MNS 6058:2009 стандартад заасны дагуу хийхээс гадна сууцны талбайн хэмжилтийг барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж хийнэ гэснийг зөрчин ОСНААУГ-ын харьяа хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд /ХҮТ/ өөрсдийн ажиллагсадаар хэмжилт хийлгэн тухайн оршин суугчаар хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулалгүй дулааны төлбөрийг авч байсан ноцтой зөрчил илэрлээ. 
Шалгалтад хамрагдсан “Тунамал өргөө” ХХК нь ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй, “ЖМБО” ХХК-ний тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан боловч үйл ажиллагаа явуулж байгаа нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасныг, мөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 24 дүгээр байрны “Цамхаг НД 35” СӨХ цахилгаан, ус, дулааны өртэй, гэрээ хийгээгүй гэдэг шалтгаанаар тус 24 дүгээр байрны оршин суугчдын цэвэр усны хэрэглээг хязгаарлаж хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн нь тогтоогдлоо. Өөрөөр хэлбэл Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-, 16.1.1, 16.1.2, 16.1.3 дахь заалтуудаас бусад тохиолдолд оршин суугчдын усны хэрэглээг хязгаарлах эрхгүй байдгийг тус компани ийнхүү зөрчсөн байна.

 

Иймд уг зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, захиргааны шийтгэл ногдуулахаар боллоо.