Оргил рашаан сувилал, Хөтөлийн цемент шохой, Кино урлагийн дээд сургуулийг хувьчилна
2015/08/18
УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолоор “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг баталж, хуулийн этгээдийг хувьчлах, өөрчлөн зохион байгуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан.
Тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт”-ыг Засгийн газраас баталлаа. Хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг хууль тогтоомжийн дагуу холбогдох төрийн байгууллагатай хамтран зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс Монгол” ХХК-д даалгасан байна.
10 төрийн өмчийн компани, 5 төрийн өмчийн оролцоотой компани нийт 15 хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь буюу тодорхой хувийг хувьчлахаар шийдвэрлэлээ. Дулааны цахилгаан станц- 2, 3, 4, Дарханы дулааны цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-уудын нийт хувьцааны 70 хувийг, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн нийт хувьцааны 51 хувийг, Хөдөө аж ахуйн биржийн нийт хувьцааны 34 хувийг тус тус төрийн эзэмшилд үлдээх бол Оргил рашаан сувилал, Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийг 100 хувь, Кино урлагийн дээд сургууль, “Авто импекс” ХК-ийн одоо байгаа төрийн эзэмшлийн хувьцааг хувьчилна.