Г.Батбаяр: Хорих газруудаас 500-600 хүн л суллагдана
2015/08/19
Өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.
-АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТЭН ӨРШӨӨЛД ХАМРАГДАХ БОЛСОН НЬ АРД ТҮМНИЙГ ХОХИРООЛОО-
-УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэн баталсан. Нийгэм янз бүрээр хүлээн авч байна. Хуульчийн хувьд та ямар зүйл хэлэх вэ?
-Үндсэн хуулийн 25.1, ЭХ-ийн 77.1-д заасан эрхийнхээ хүрээнд УИХ Өршөөлийн тухай хуулийг батлан гаргасан. Өршөөлийн хууль хуулийн хүрээнд гарах нь гарсан. Гэхдээ маш их сөрөг үр дагавар үүсгэх ганцхан зүйл заалтаас болоод их хэл ам болж байна. Энэ нь Албан тушаалын гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 263, 264 зүгээр зүйл заалтад хамрагдах этгээдийг өршөөснөөс болж нийгэмд үл ойлголцол, мөн албан тушаалтнуудын дунд бие биенээ буруу зөрүү ойлгох, зарим нэг хүн ял завшиж хуулийн цоорхойг ашиглан өөрийн сул дорой улс төрийн намд ашигтай нөхцөл байдал авчирах хүчин зүйлүүд бий болоод байна. Манайхан өршөөлийн хуулиа ч хэл ам, хардлага сэрдлэггүй баталж чадахаа больсон байна. Энэ нь хууль тогтоогч нарын дотоодын зөрчил тэмцэл туйлдаа хүрснийг нотолсон зүйл юм.
-Маргаан тариад байгаа албан тушаалын гэмт хэрэг ноцтой үр дагавар дагуулна гэснийг тодруулъя?
-Эрүүгийн хуулийн 263, 264 дүгээр зүйл заалт нь хүндэвтэр төрлийн ангилалд багтахаас гадна 2-5 жил хүртэл хорих заалттай, хийсэн хэрэг нь баригдахгүй 5 жил болж чадвал хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж хэрэг нь хэрэгсэхгүй болдог, ял авсан ч тэнсэн харгалзах ялаар солигдох боломжтой тул хүн айгаад байхаар зүйл анги биш юм. Сайхан үг ярьж шударга дүр эсгэж байгаад албан тушаалаа ашиглаж хэдэн тэрбумаар идчихээд, гурав дөрвөн жилийн ял авуутаа тэнсэн болгочихдог. Эрүүгийн хуульд энэ зүйл ангийг маш хөнгөнөөр оруулж өгсөн. Энэ бол албан тушаалтнууд өөрсөддөө зориулж хийлгэсэн. Гэтэл ийм “хөнгөхөн” зүйл заалттай гэмт хэргийг ойр ойрхон батлагддаг Өршөөлийн тухай хуулиараа аз таараагүй баригдсан нэгнийг нь өршөөдөг болоод байгаа нь гэмт этгээдүүдэд улсыг маань улам ихээр мөлжих боломжийг олгож байна. Шалгагдаж байхад нь, эсвэл ялаа дөнгөж эдэлж эхэлж байхад нь өршөөчихдөг. Ингээд улс орныг маань хөгжүүлнэ гэж амалдаг албан тушаалтнууд төсвийн мөнгийг идэж ууж ард түмнийг хохироочихоод юу ч болоогүй юм шиг дахиад албан тушаалд томлигдож байна. Төсвийн болон бусад мөнгөө албан тушаалнуудад алдсан, мөнгөгүй болсон улс яаж хөгжих вэ дээ. Улам л ядуурч, хоосрон туйлдаж эдийн засгийн хүчин чадал сулран доройдно.
-Энэ зүйл ангийг хөнгөн болон хүндэвтэр гэмт хэргийг өршөөлийн хуульд хамруулдаг гэдэг утгаар өршөөлд хамруулдаг байх?
-Өршөөлд хамруулж болно л доо. Гэхдээ хамруулахдаа хохирлоо төлсөн буюу нийгмийн гэм хорыг арилгасан тохиолдолд хамруулдах зөв. Гэм буруугүй гэж маргалдаж байгааг нь заавал шүүхээр оруулдаг байх хэрэгтэй. Би гэм буруугүй, хохирол учруулаагүй, улс эх орныхоо төлөө шударга ажиллаж байсан гэж бүгд худлаа ярьдаг. Тийм нөхдүүдийг өршөөгөөд байгаа нь нийгэмд үзүүлэх хор уршгийг нэмэгдүүлж, буруу жишиг тогтоож байна.
-Яагаад нийгэмд учруулах хор уршиг их гэж вэ?
-Албан тушаалын гэмт хэрэг дор хаяж тэрбумаар яригддаг. Жишээлбэл: авлигалын нийт 120 гэмт хэрэг өршөөгдөж байна Энэний хохирол хэдэн зуун тэрбумаар яригдаж байгаа л даа. Гэтэл тэд хохирлоо барагдуулах нь битгий хэл гэм буруутай эсэх талаар маргаж байхад нь өршөөчихдөг. Ингэхээр иргэдэд яаж эрх зүйн ухамсар бий болгох юм бэ. Эрүүгийн хууль чинь айлган сүрдүүлэх замаар иргэдэд эрх зүйн ухамсар бий болгож тухайн төрийн албан хаагчийг хариуцлагаа ухамсарлах иргэн болгон төлөвшүүлж байдаг. Гэтэл энэ хууль ёсны зарчим алдагдахад хүрч байна. Одоо ингээд байн байн өршөөгөөд, хохирол төлүүлэхгүй гаргаад байх юм бол хүмүүст ямар эрх зүйн ухамсар бүрдэх юм бэ. Улс орны мөнгийг дураараа ашиглан шамшигдуулж байгаа нь улс орны эдийн засгийг хүчгүйдүүлж байна. Улс орны хөгжлийн түлхүүр болсон санд байгаа төсвийн мөнгийг дундаас нь хулгайлж, луйвардаж авч идсэн, завшсан хүнийг өршөөгөөд байхаар энэ улс орон яаж хөгжих юм бэ. Шударга ажиллаж буй олон мянган хүн байгаа. Тэдгээрийн цалинг замаас нь хулгайлаад идчихэж байна. Тэгэхээр нийт иргэд дарга болоод хулгай хийе гэсэн ганцхан бодолтой болж байна.Энэ бүх нөхцөл байдал нь ЭХ-ийн 9.1-д байх “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн хууль ёсны зарчмыг алдагдууулж байна. Яагаад гэмт хэрэг үйлдсэн этгээд хуулийн цоорхой ашиглаад байна вэ гэвэл бид өөрсдөө ял завших, хуулийн цоорхой гэх нөхцөл байдлыг бий болгож өгөөд байна. Нарийн яривал УИХ-ийн гишүүд гэх этгээдүүд гэмт хэргийг нуун далдлах гэсэн эрүүгийн гэмт хэргийн хэв шинж агуулсан үйлдэл гаргаж байна.
-МАХН ӨӨРСДӨД НЬ Л АШИГТАЙ БАЙВАЛ АЛЬ Ч ТАЛ РУУ ХЭЛБИЙДЭГ-
-Өршөөлийн хуулийг тодорхой зорилго бүхий нөхөд шантааж хийж батлуулсан гэх хардлага нийгэмд бий. Та санал нийлэх үү?
-Энэ засгийн газарт албан тушаалд дуртай хэдэн сайд байна. Тэдний засгийн газраа ямар ч хамаагүй аргаар авч үлдэх, үлдсэн жаахан хугацаанд сонгуулийнхаа мөнгийг бий болгох хүслээс болоод улс орон хохирох нөхцөл байдал бүрдээд байна. Тэдгээр албан тушаалд дуртай, яахаас ч буцахгүй хүмүүсийн хүсэл зоригийг хясан боогдуулах аргаар өршөөлийн хуулийг батлуулж, зөвхөн өөрийнхөө даргад ашигтай нөхцөл байдал бий болгож, мөн ард түмэнд шударга гэсэн нэр олж авахыг хичээсэн, сайдын суудал горилсон Шударга ёс ярьсан хэсэг нөхөд байна. Эдгээр нөхдөөс болж өршөөлийн хууль бүрэн төгс боловсруулагдалгүй гарснаас болж шүүмжлэл дагуулсан. Н.Энхбаяр гэдэг нөхөр өршөөлийн хууль хэрэгжвэл өнөөдөр ялтан, гэмт этгээд гэж хэлэгдэхгүй, бичигдэхгүй тэмдэглэгдэхгүй болж болно. Ялтай байдал нь дуусч болно. Гэхдээ тэр хүнийг зан заншил, ёс суртахуун, ахуйн байдлын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн хүн гэдгийг бүх хүн мэдэж байгаа. ЭБШХ-ийн 13.2 дахь хэсэгт заагдсанаар “…шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон..” гэмт этгээд, шоронд ял эдэлж байсан ялтан бол Н.Энхбаяр гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэм буруугийх нь тухайд одоогэм буруугүй гэж маргалдах ямар ч боломжгүй, тэр нь хуульд зааснаар нотлогдсон. Улс эх орныхоо мөнгийг идэж уусан, гэмт хэрэг дахин үйлдсэн байж болзошгүй гээд түүнд холбогдуулан шалгах гэж байгаа өч төчнөөн хэргүүд байна. Гэтэл эдгээр бүгд өршөөгдөөд гараад ирж байна. Ийм ялт этгээдийг шадар сайд болгож, улс орноо удирдуулаад “...дахиж битгий идээсэй, одоо ухаан сууж хашираа биз..хөөрхий...” гээд сууж байвал бид ямар нүүрээрээ дэлхий дахины нүүрийг харах юм бэ, харин ухаан муутай ард түмэн гэдгээ л харуулах байх.
-Н.Энхбаяр Өршөөлд хамрагдлаа гэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрчихлөө гэж ойлгож болох уу?
-Гэмт хэрэгтэн гэм буруугаа заавал хүлээн зөвшөөрөх үүрэггүй. Үүнийг эрх бүхий байгууллага болон шүүх нотолдог. Шийтгэх тогтоол гарснаараа Энхбаяр гэм буруутай юм байна гэдэг нь нотлогдчихсон. Тэр хүн мэдээж хэрэг, өөрийгөө “..би гэм буруугүй хүн..хэлмэгдсэн..” гэнэ. Ер нь хэргээ хүлээдэг хулгайч гэж хаана ч байдаггүй. Тэрэн шиг хийсэн хэргээ шударгаар хүлээж, гэмшдэггүй хүнийг болон түүний төрөл саданг төрийн өндөр албан тушаалд тавьж, сайд болгож ардын баатраар өргөмжилж болохгүй. Бид өөрсдийн албан тушаалд дуртай байдал, атаа жөтөө, хувийн өс хонзон, зэрэг дэв, зиндаархалийн өрсөлдөөн, шунал тачаал зэргээсээ болоод хүч сул, мөхөх нь тодорхой нэг хүний хувийн компани шиг улс төрийн хүчинг сэргээх, хүчирхэг болох нөхцөл байдлыг бүрдүүлж өгөөд байна. МАХН өөрсдөд нь л ашигтай байх юм бол аль ч тал руу хэлбийдэг, гуйвамтгай албан тушаалын хэнээтнээр дүүрсэн, улс төрийн дадлага туршлага, түүхгүй, утопи, хийсвэр сэтгэлгээтэй нам гэх хүмүүсийг өсөж өндийлгөх нь сүүлдээ эцэс төгөсгөлгүй хэрүүл тэмцэл, өс хонзонг бий болгож үндэсний аюулгүй байдалыг эрсдэлд оруулна.
-МАХН дөрвөн сайдын суудал авах сонирхолтой байгаа дуулдсан?
-Тэд дөрвөн сайд, зургаан дэд сайдын суудал өг. Өршөөлийн хуулиа батал. Тэгэхгүй бол танай засгийн газраас гараад Ардын намынхантай нийлээд танайхыг унагаана гэдэг. Энэ нь тэдний эцсийн зорилго ард түмнийхээ төлөө биш гэдгийг харуулж байна. Ийм муухай айлган сүрдүүлэгчид, шантаажлагчид, албан тушаал горилогсодыг өсгөж өндийлгөн сайдын суудал өгч санхүүгээ нэмэгдүүлэх боломжоор хангавал дараа нь өөрсдийнхөө хоолойг боомилуулж тэднийг дийлэхээ болино. Жил хүрэхгүйн өмнө л Алтанхуягийн засгын газрыг Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээ байгуулсан тул.. хэмээн унагааж гарч ирсэн засгийн газар одоо харин нөгөө ад шоо үзээд байсан Энхбаярыгаа бүр шадар сайд болгож түүний нөхөдтэй засгийн газрынхаа зорилтод чиг үүргийг хамтдаа хэрэгжүүлнэ гэх ухааны зүйл байгаа нь албан тушаалын төлөө хэнтэй ч нийлэхэд бэлэн болсныг харуулж байна. Энэ үндэслэлээр засгийн газрыг унагасан ч болно. “..Засгийн газар солигдсоноор ард түмэн ядуурдаг ..”гэж нотлох баримтгүй худлаа ярихаа одоо болих хэрэгтэй. Төрийн мөнгийг хувьдаа завшдаг гэмт этгээдүүдтэй хариуцлага тооцож чадахгүй байгаа нь УИХ хууль тогтоох чадваргүй гэдгийг нотолж байна.
Одоо Өршөөлийн хууль хүчин төгөлдөр болоогүй байгаа тул Энхбаярыг арай гэж ирсэн дээр нь барьж шалгах нь зүйтэй. Хэрэг нь хараахан өршөөгдчихөөгүй байна. Үнэхээр гэмт хэрэг үйлдээгүй бол шалгагдаад хэрэгсэхгүй болно биз.
-ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙГ ИЛ ТОД ХЭЛЭЛЦЭХ ЁСТОЙ-
-Манай улс Өршөөлийн тухай хуулийг хэзээнээс, хэдэн удаа баталсан байдаг вэ?
-1992 оноос хойш таван удаа батлагдан гарсан. Энэ хугацаанд Өршөөлийн хуульд ганц ч удаа хориг тавьж байсан түүхгүй. Дэлхийн түүхэнд ч байдаггүй. Өнөөдөр нийгмийн захиалгаар хориг тавихаас аргагүй нөхцөл байдал үүсгэж байна. Албан тушаалын гэмт хэргийг заавал өршөөлд хамруулж нийгэмд үл ойлголцол, хардлага сэрдлэг, уур бухимдал төрүүлэх хэрэг юу байна. Өршөөлийн хууль өөрөө Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-ийг баримтлан энэрэнгүй, шударга ёсны зарчим дээр үндэслэгдэн гарах ёстой байдаг. Гэтэл 263-ыг оруулж ирснээр Өршөөлийн хуулийн шударга ёсны зарчим алдагдсан. Өршөөлийн хуульд ЭХ-ийн 181.2-ыг оруулаагүй хассан. Яахаараа ард түмний үйлдсэн гэмт хэргийг хасаад, албан тушаалтны үйлдсэн хэргийг хасдаггүй юм бэ. Өршөөлийн хуульд ЭХ-ийн 263-ыг хамруулахгүй байснаар ард нийтийн дунд эерэг зөв ойлголт бий болж асар их хэмжээний хохирол төсөвд эргэн төлөгдөнө.Албан тушаалтнууд ажилдаа хариуцлагатай эрх зүйн ухамсарыг удирдлага болгон ажиллах, дуулгавартай болох нөхцөл байдал бий болно.
-Энэ удаагийн Өршөөлийн тухай хуульд 3000 орчим хоригдол хамрагдаж байгаа гэсэн мэдээлэл бий. Бодит тоо мөн үү?
-1800-2000 хүн л хамрагдаж байгаа. Түүн дотор тэнсэн харгалзах, баривчилгааны ялтай, ял хойшлуулсан, хугацаа нь дуусч байгаа гэх мэт хүмүүс орчихсон. Нийт дүн тоог хийсвэр байдлаар ихэсгэж, маш олон хүнийг өршөөлд хамрагдаж байгаа мэт харагдуулах нь өршөөлийн хуулийг батлуулах гол арга байгаа юм. Яг үнэндээ хорих газруудаас 500-600 хүн л суллагдана. Өршөөлийн хууль батлуулсан нэрээр ард түмнийг төөрөлдүүлж, албан тушаалтнуудад ял завших, хууль бусаар хөрөнгөжсөн эд хөрөнгөө ил тодоор тайван захиран зарцуулах боломж олгож байна. Албан тушаалын гэмт хэргийн хохирлын хэмжээ хэдэн тэрбумаар яригддаг мөртлөө тэнсэн авдаг байхад ард түмний үр хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг хэдхэн сая төгрөг мөртлөө хүнд ял авч байдаг. Жишээлбэл: завших буюу ЭХ-ийн 150.3-р зүйлд субъект 24 сая төгрөгийн хохирол бусдад учруулахад 10 жилийн ял авах санкц үйлчилж байдаг. Ийм харьцангуй нөхцөл байдаг тул албан тушаалын гэмт хэргийг өршөөх нь хуулийн өмнө иргэн бүр эрх тэгш байх зарчим алдагдахад хүрч байна.. Тухайн гэмт хэрэгтний үйлдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал, нийгэмд учруулж буй хохирлын хэмжээ бусад зүйлсийг нь харгалзан үзсэний эцэст өршөөлийн хуульд ялгамжтайгаар хамруулах нь маргааныг үүсгэхгүй байх чухал ач холбогдолтой байсан. Өршөөл батлагдахийг 2 жил хүлээсэн ард түмний сэтгэл зүйг ашиглан, халхавчлах аргаар албан тушаалтнуудад ашигтай нөхцөл байдалыг оруулан баталсан байна.
-Өршөөлөөр 2015.07.02-ноос өмнө албан тушаалаа ашиглан төрийн мөнгийг хувьдаа завшсан бүх этгээд өршөөгдөх үү?
-Тийм ээ, бүгд өршөөгдөж байгаа нь одоо ажиллаж байгаа албан тушаалтнууд төрийн мөнгийг завшсан тооцоогоо дээрхи хугацаанаас өмнөхөөр бүрдүүлж чадвал одоо ч асар их мөнгийг хувьдаа завшиж болох боломжийг нээж өгч байгаа юм. Одоо болон ирээдүйд идэх мөнгөнийхөө баримтыг 7.2 ноос өмнөхөөр бүгд бүрдүүлж гэмт хэрэг үйлдснээр улс улам үгүйрч, хямрал үргэлжилэн дампуурна гэсэн үг юм. Мөн Өршөөлийн хуулийг ашиглан, наадмаас өмнө зарлагдсан төрийн олон үнэтэй тендэрийн мөнгө бүгд албан тушаалтний хармаанд орох боломж бүрдэж байна. Ж: ХААГ-ынхний албан тушаалаа ашиглан зарлагдсан тендэрийн 5-10%-ийг хувьдаа завшсан байсан урьд өмнөх бүх хэрэг хэрэгсэхгүй болж гэмт этгээд ял завших нь тодорхой болж байна.
-Зарим хүн Өршөөлийн тухай хуулийг нээлттэй хэлэлцэх ёстой гэсэн байр суурь илэрхийлдэг?
-Өршөөлийн хуулийг ил тод хэлэлцэх нь зүйтэй. Юуг нь хаалттай хэлэлцдэг юм бэ. Өршөөл батлах нь хэнд илүү ашигтай байгааг олон нийт мэдчих гээд байсан болохоор л нууцаар хэлэлцсэн байна. Өршөөлийн хуулийн төслийг хийсэн хүмүүс ярьж байна “..бид олон нийтийн байгууллагууд болон бусад газруудаас санал авсан..” гэж. Энэ чинь л хууль анхнаасаа нууц биш байсан байна гэдгийг харуулаад байна. Баахан байгууллагаас саналыг нь авч байгаа нь энэ гэж хуулийнхаа гол үзэл санааг дэлгэж дэлгэчихээд, нууц юм үлдээгүй байхад хэлэлцэх болохоороо нууцлаад явчих нь нууцлалыг хадгалах журмаа зөрчиж байна. Тэгээд ч тухайн байгууллагын дандаа албан тушаалтан, удирдлагуудаас нь санал авчихсан. Түүн дээрээ үндэслээд төслөө баталсан гэдэг. Төслийг оруулж ирэхдээ “..нууцын зэрэглэлтэй..” гээд тамга дарчингуут дэлгэж болохгүй болчихож байгаа юм. Энийг батлахдаа ямар ч хууль бус арга хэрэглэсэн юм билээ, хэн ч мэдэхгүй шүү дээ. Тэгээд ч 1995 онд батлагдсан төрийн нууцын хуульд хамааруулах жагсаалтанд ороогүй хууль шүү дээ.
-Ерөнхийлөгч Өршөөлийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавихбололтой?
-Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг чуулганд оролцогч нарын 3/1 нь дэмжихгүй бол тавьсан хориг үр дүнгүй болно. Хэрэв ингэвэл би Өршөөлийн хуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн 14.1 дэх хэсгийг зөрчсөн гэдэг үндэслэлээр иргэнийхээ эрхийн хүрээнд ҮХ-ийн цэцэд гомдол гаргана. 14-1. “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” 14.2 “Хүнийг.. нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна...” гэсэн байдаг. Гэтэл өршөөлийн хуулиас ЭХ-ийн 181.2 дахь зүйл гэсэн ард түмний үр хүүхэд үйлддэг хүндэвтэр төрлийн ангилалд багтах хохирол бага танхайн гэмт хэргийг хамруулахгүй болгосон мөртлөө нийгмийн хор уршиг ихтэй ЭХ-ийн 263-р зүйл ангийг хамруулсан нь хуулийн өмнө эрх тэгш байх, ялгаварлан гадуурхахгүй ҮХ-ийн заалтыг зөрчсөнийг харуулж байна. Бас МУҮХ-ийн 3.2 дахь хэсэгт байх “Төрийн эрх мэдлийг хууль бусаар.. авахаар завдахыг хориглоно” гэсэн заалтыг Н.Энхбаяр болон түүний нөхдийн сайд болох гэсэн зорилгоор бусдыг тулган шаардаж буй оролдлогууд зөрчсөн байж болзошгүй байгаа.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
эх сурвалж: www.medee.mn
Ard · 2015/08/20
Омгоологч батбаяр . Авгай нь 3000 долларын цунх барьдаг гэлуу?зугээр л омгоологчоо хийгээд яаж байвал барав. Бас нэг их мэдэгч.чи монготэй хунийг л омгоолдог биз дээ?