Таны харж байгаа энэ эмэгтэйг Налжирмаа овогтой Мөнхчимэг гэдэг бөгөөд тэрбээр тархины хорт хавдартай болох нь Хавдар судлалын  төвийн шинжилгээгээр тогтоогджээ. Улмаар хорт хавдраа авахуулахаар багын найз Б-гээс 20 гаруй сая төгрөг зээлж, Энэтхэг улсад хагалгаа хийлгэсэн ч амжилтгүй болж, 14 хоногийн дотор хавдарын эд эс нь дахин ургасан байна.  

Түүнийг эх орондоо ирээд удаагүй байхад нь багийн найз Б нь цагдаагийн байгууллагад залилан хийсэн  утга бүхий өргөдөл өгчээ.  Баянгол дүүргийн шүүхээс Налжирмаа овогтой Мөнхчимэг нь бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 148.4 дүгээр зүйл ангиар ял оноож, 30 сая төгрөгийн торгууль, 10.1 жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргажээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ. Улсын дээд шүүхэд гомдлоо гаргасан ч ямар нэгэн сураг ажиг хариу ирээгүй байна.

Уг нь Н.Мөнхчимэг шоронд орохоосоо өмнө Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, тус газрын мэргэжлийн эмч нар хорт хавдартайг нь оношилж, дүгнэлт гаргасан байдаг аж. Эрүүл мэндийн сайдын 2007 онд гаргасан тушаалаар хорьж болохгүй хүнд өвчтэй хүмүүсийн жагсаалтад орсон өвчтэй ч шүүх бүрэлдэхүүн түүнийг авч хэлэлцээгүй байна. Тэрээр шүүх бүрэлдэхүүнд “Би өөрийгөө эмчлүүлж, хүүдээ эрүүл харагдах гэж л мөнгө зээлсэн” гэдгийг учирлан  зээлсэн мөнгөнийхөө хүү алдангийг төлөөд явж байснаа ч нотолсон байдаг.  Гэвч шүүх харгалзан үзээгүй байна. 

Өнөөдөр тэрбээр хорих 407-р ангид л эдэлж байгаа бөгөөд босож чадахгүй хүмүүсээр түшүүлж  явдаг  нэг нүд хараагүй болсон байна. ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмч нарын хортой хавдартай гэсэн оношилсоор байхад хорих ангийн эмнэлэг нь хоргүй хавдар гэсэн дүгнэлт гаргаад, хорих ялаас чөлөөлөгдөх боломжгүй болгоод байгаа болохоор  суллагдах боломжгүй болчихоод байгаа юм.

Түүний хувьд Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхээр хангаад өгөөч гэсэн хүсэлттэй байгаа аж. Н.Мөнхчимэг “Би өмгөөлөгчтэйгээ шүүх хуралд ормоор байна. Намайг амьдаар минь цаазалчихаад байна. Тэртэй тэргүй би 10 жилийн хорих ял дийлэхгүй. Өршөөлд ч хамрагдахгүй. Би хүүдээ л амьд очихыг хүсч байна” гэдгийг хэлж байсан юм.  

 

 

А.Баярмаа