Зуун сэтгүүлч, зуу гаруй мянган иргэдийг хамрах “I love Mongolia түншлэл 2015” багийнхан ирэх сарын 02-нд аялалдаа гарна. 21 аймгийг тойрох энэхүү аяллаа тэд Эзэн Чингисийн өлгий нутаг Хан Хэнтийгээс эхлүүлэх бөгөөд сарын дотор эх орноо нар зөв тойрохоор төлөвлөсөн байгаа.

 

Энэхүү аяллын хүрээнд “Шилдэг татвар төлөгч” VIP ярилцлага, “Миний нутгийн өв” ЮНЕСКО, соёлын өвийн санд бүртгэлтэй, шинээр бүртгэгдэх урлаг, соёлын шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн, “Боловсрол” яармаг, Аймгийн ангийн дарга нарын анхдугаар зөвлөгөөн, “Оргилоо тодорхойл” нутгийн идэвхтэй иргэдийн сайн үйлсийн илтгэл хэлэлцүүлэг, “Миний нутгийн брэнд” нээлттэй үзэсгэлэн худалдаа, “Хамтдаа гүйцгээе” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн бүх нийтийн гүйлт, “Эрүүл Монгол” эрүүл мэндийн ажилтнуудын зөвлөгөөн зэрэг ажлыг аймаг бүрт зохион байгуулах аж.

 

Ингэснээр Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч татвар төлөгчдийг бодитоор дэмжих, орон нутгийн хүүхдүүд гадаад, дотоодын их, дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, идэвхтэй иргэдийг алдаршуулах, дэмжих, оролцоог нэмэгдүүлэх, үндэсний соёл урлагийг хөгжүүлэх, түүхийн дурсгалт зүйлсийг соёлын өвд бүртгүүлэх, соёл урлагийн санд архивлан бүртгэх, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зэрэг боломж гарч ирэх юм.