УИХ-ын ээлжит бус чуулганаар буюу энэ сарын 06-ны өдрийн чуулганаар МАН-ын сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг,  Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Оюунхорол нарыг олонхийн саналаар чөлөөлсөн байдаг.

Ингэснээр   Монгол Улсын Шадар сайдын үүргийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын үүргийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд, Сангийн сайдын үүргийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод, Барилга, хот байгуулалтын сайдын үүргийг Уул уурхайн сайд Р.Жигжидэд хариуцуулж, Д.Эрдэнбат С.Эрдэнэ нар “гурван давхар дээл”  өмсөх болсон.

Энэ байдал  10-р сар хүртэл үргэлжлэх болно гэдгийг Ерөнхий сайд өөрийнхөө хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулан мэдэгдсэн.  Ерөнхий сайдын  хэвлэлийн  төлөөлөгч Ц.Мөнхтөр “Зургаан сайдыг томилох асуудлаар улс төрийн намуудтай зөвшилцөх ажил үргэлжилж байгаа тул Ерөнхий сайд сайд нарын нэрсийг 10 дугаар сард буюу УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэхээр өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Ээлжит бус чуулган зарлан, хуралдах нь УИХ-ын бүрэн эрх. Ээлжит бус чуулган хуралдсан ч сайд нарын нэрсийг өргөн барих боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан” гэдгийг онцолсон.  

Харин  энэ шийдвэр иргэд, улс төрчдөд таалагдсангүй. Тэр тусмаа З.Энхболдод таалагдаагүй учир  өчигдөр  “Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын зургаан сайдыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т, "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан байна. Хуулийн энэхүү заалтын дагуу 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдсөн Засгийн газрын зургаан гишүүний оронд томилох сайд нарыг 2015 оны 09 дүгээр сарын 06-ны дотор Улсын Их Хурал нөхөн томилох ёстой. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Та Засгийн газрын тухай хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлж, шинээр томилогдох Засгийн газрын гишүүдийг Улсын Их Хуралд өргөн барихыг хүсье” хэмээн мэдэгдэж асуудлыг  яаравчлах ёстойг санууллаа.  

 

 АН-ынхан  хэнийг сайдад  томилохоо шийдэж чадахгүй цаг алдсаар байгаа нь “хөнжилдөө хөлөө жийлцэж” байгаагийн тод жишээ.  Нөгөө талаас  Ч.Сайханбилэг АН-д нэр нөлөөгүй “суга” гэдгийг  баталж байна.  Тэрбээр өмнө нь  З.Энхболд болон намынхаа нөхдүүдэд  удаа дараа далаараа тавиулсан.  Энэ удаад ч гэсэн дахин далаараа тавиулах нь...  Ч.Сайханбилэг сайд удаа дараа сугарсаар... 

А.Баярмаа