Монголын жазз хөгжмийн урлагийг хөгжүүлэх, залуучуудад жазз хөгжмийг сурталчлан таниулах, мэргэшүүлэх зорилгоор хэрэгжиж буй төсөл хөтөлбөр хоёр дахь жилдээ үргэлжлэх болсонтой холбогдуулан “Хөгжим бүжгийн коллеж”-ын захирал МУГЖ Г.Эрдэнэбаттай ярилцсанаа уншигчиддаа хүргэж байна.

- Таньд энэ сайхан өдрийн мэнд хүргье жазз хөгжмийн боловсрол олгох төсөл маань энэ намар үргэлжлэхээр болсон байна. Мөн ээлжит шинэ хөгжим хэрэглэлийг өнөөдөр хүлээж авч байгаа юм байна. Энэ талаараа яриагаа эхлүүлэх үү?

- Эрхэм уншигчиддаа энэ баярт өдрийн мэндийг хүргэе. Энэ дашрамд хамгийн ихээр баярлах ёстой зүйл гэвэл “Гёте” студийн дарга жааз сонирхогч Себастиан Войч хүрэлцэн ирсэн явдал юм. Түүнийг ирээгүй бол энэ төсөл маань хэрэгжихэд хэцүү байсан. Энэ хүнд бид баярласан талархсанаа илэрхийлэх ёстой. Себастиан Войч маань санаачлаад “Их талын жазз” төрийн бус байгууллага, Н.Ганбат болон манай сургалтын хамт олон энэхүү төслийг хэрэгжүүлье, өрөө тасалгаа гаргаж өгөөч хэмээн хоёр жилийн өмнөөс саналаа тавьсан л даа. Энэ саналын дагуу арван оюутанг л шалгаруулж авъя гэсэн хариуг бидэнд өгсний дагуу шалгалт авахад 60-аад хүн ирсний 30 нь маш сайн үнэлгээтэй тэнцсэн юм. Себастиан Войч эдгээр 30 залууг бүгдийг нь сургахаар болсон. Би бодохдоо энэ 30 залуугаас хэд нь үлдэх бол замын дундаас зарим нь шантарчих болов уу гэсэн эмээлт байсан боловч хавар гэхэд бүгд маш амжилттай суралцаж төгсөж чадсан. Бидэнд 60-аад сая төгрөг буюу 25.000 мянган долларын төсөл хэрэгжүүлэх боломж олгож хоёр том өрөө гаргаж өгсөн юм. Сурагчдын хичээлийг Себастиан Войч өөрөө хариуцаж ажилласан боловч долоо хоног тутамд гадаадаас өндөр мэргэжилтэй багш нар ирж хичээл орж байна. Ийм боломж Монголд бол ховор л доо үнэ хөлснөөс авахуулаад. Энэ үүднээс бид энэхүү төслөө үргэлжлүүлье хэмээн саналаа тавьсны үндсэн дээр хоёр дахь төслөө эхлүүлээд байна 

- Энэ төслөөр хэдэн хүнд суралцах боломж олдсон бэ?

- Хоёр дахь элсэлтээр 50 гаруй хүнээс 12 хүнийг шалгаруулж авсан. Мөн 20 гаруй сая төгрөгийн контор басс, дээд зэрэглэлийн сагсафон 4 ширхэг болон бусад хөгжмийн зэмсгүүдээ хүлээн аваад 9 сараас хоёр дахь элсэлтийнхээ сургалтыг эхлэх гэж байна. Эдгээр сурагчид маань маш чанартай боловсролыг чадварлаг  багш нараас авч байгаа учраас ирээдүйн жазз хөгжмийн чиглэлийн мундаг багш нар төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаа.

- Ер нь Монголд жазз хөгжим үүсээд удсан гэж үздэг юм билээ. Энэхүү төслийн  гол зорилго  мэргэжлийн төвшинд жазз хөгжимчид бэлтгэгдэн гарч байгаагаараа онцлог гэж ойлголоо? 

- Манай нийгэмд жазз хөгжмийн мэргэжлийн сургалт, сургууль гэж байдаггүй байлаа. Харин энэ төслийг хэрэгжүүлж 40 хүүхдийг нийгэмд сурган гаргаж байна гэдэг тэр хэрээрээ нийгэмд жааз хөгжмийн хөгжлийг түгээх суурь нь болж өгч байгаа юм л даа.

- "Хөгжим бүжгийн коллеж"-оор дамжуулан хүүхэд, залуучууд хөгжмийн боловсролыг энэ төвөөс авч байгаа.  Ялангуяа Монголд жазз хөгжмийг хөгжүүлэх энэ их том үйлст тус коллежийн болоод энэхүү төслийн оруулж байгаа үүрэг  хэмжээлшгүй их хэмээн ойлгож байна.  Жазз хөгжмийг сонирхдог залуусдаа хандан үгээ хэлбэл?

- Монголчууд их гайхалтай авъяастай, аливаа зүйлийг хурдан сурдаг, дасан зохицох чадвар сайтай. Энэ байдлаа ашиглаад мэргэжлийн болох хэрэгтэй. Ингэж байж бид дэлхийн зах зээлд гарч чадна. Энэ чиглэлээр сонирхдог залуучууд байх юм бол одооноос өөрийгөө хөгжүүлж жазз хөгжмийн сайхныг ойлгож түүнийг өөрийн болгож бусдад түгээгээсэй хэмээн хүсэх байна.

- Жазз хөгжмийг сонирхдог залуучууд олон байгаа байх. Тэд энэ жилээс мэргэжлийн дипломтой, албан ёсны гэрчилгээтэй болж байна гэж ойлгож болох уу?

- Бид энэ талаар хараахан шийдээгүй байна. Бүтэн 2 жилийн турш маш өндөр төвшинд суралцаж төгссөн эдгээр залуусыг ямар үнэмлэх, зэрэгтэй төгсгөх тал дээр ярилцаж байгаа. Магадгүй нэг юм уу хоёр жилийн дараагаар дуулаачаар бакалавр, бүжгээр бакалавр гэдэгтэй адилхан жааз хөгжмийн бакалавр, магистрын албан ёсны чиглэл бий болно гэж ойлгож байна.

- Магадгүй нэг юм уу 2 жилийн дараагаар дуулаачаар бакалавр, бүжгээр бакалавр гэдэгтэй адилхан жааз хөгжмийн бакалавр, магистрын албан ёсны чиглэл бий болно гэж ойлгож байна?

- Тийм. Бид яг үүнийг мөрөөдөж байгаа. Яах гэж энэ залуучуудыг сургаад байгаа юм бэ Мэдээж эдгээр залуусын зарим нь төгсөөд хувийн амьдралаа хөөх байх. Харин заримыг нь бид сургуульдаа үлдээн багшлуулах бусдад мэдсэн сурсанаа түгээх тал дээр анхаарч ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа. Монголын жазз хөгжмийг хөгжүүлэх энэ их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа таньд баярласан талархсанаа илэрхийлье.

www.Urlag.mn