20130428_143347ЧУЛУУНЫ ДАШДАВАА  (1949-2015)

Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Дашдаваа 2015 оны 08 сарын 19-ний өдөр зуурдаар таалал төгсөж,  нөхөж баршгүй гарз учирсанд талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран ажиллагсдад нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

Ч.Дашдаваа 1949 онд Улаанбаатар хотноо төрж, 1957-1967 онд бүрэн дунд сургууль, 1967-1971 онд МУИС-ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгсчээ. Тэрбээр 1984 онд ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын институтэд түүхийн ухааны дэд эрдэмтэн (Ph.D), 2002 онд МУ-ын ШУА-д шинжлэх ухааны доктор (Sh.D)-ын зэрэг хамгаалж, 1999 онд дэд профессор, 2005 онд профессор цол хүртсэн, дотооддоо төдийгүй гадаад улс оронд хүндлэгдсэн манай улсын шилдэг түүхч-судлаачийн нэг байсан юм.

Ч.Дашдаваа 1971 оноос  насан эцэслэх хүртлээ ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Нийгмийн Ухааны Институт, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төв,  Улаанбаатар их  сургууль, Соёл урлагийн их сургууль, Архивын ерөнхий газарт эрдэм шинжилгээний ахлах, тэргүүлэх ажилтан, тасгийн эрхлэгч, багш, декан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, төслийн удирдагч, захирал, зөвлөхөөр ажиллаж  ХХ зууны монголын   түүх, архив  судлалын ажилд дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэн, залуу үеийг сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч байсан юм.

Профессор Ч.Дашдаваа Монголын улс төрийн түүх, соёлын түүхээр мэргэшсэн эрдэмтэн бөгөөд “БНМАУ-ын соёлын хувьсгал: Түүхэн туршлага, орчин үеийн асуудал”,“МАХН-ын түүхэн товчоон” /бусад зохиогчтой хамтран/,“Төрийн хянан шалгах байгууллагын түүхэн товчоон”, “Улаан түүх  (Коминтерн ба Монгол)”, “Шинэчлэлийн төлөө хөдөлгөөн, түүний хувь заяа” /Ж.Болдбаатарын хамт/,“Түүх, соёл, улс төр”, “Маршал Линь Бяогийн үхэл”, “Монгол дахь төрийн эргэлт”;“Японы олзлогдогсод Монголд”, “П.Гэндэн ЗХУ-д зорчсон нь”, “Бүрэн эрхт төлөөлөгч Сергей Миронов”, “Сэхээтний төөрөгдөл: Профессор Ринчен” зэрэг 18 бие даасан ном, нэг сэдэвт эрдэм шинжилгээний томоохон бүтээлүүд туурвиснаас гадна “Монголын соёлын түүх” 3 боть зохиол, “Монголын улсын түүх” 5 боть зэрэг 20 орчим хамтын томоохон бүтээлийн гол зохиогчдын нэг юм.

Үүнээс гадна эрдэм шинжилгээний эмхэтгэл, сурах бичиг 7, өгүүлэл, илтгэл 60 гаруйг туурвин нийтлүүлжээ.

Мөн Бусад судлаачидтай хамтран “Коминтерн ба Монгол”, “Сталин ба Монгол орон”, “В.Котвич. Из эпистолярного наследия”, “Монгол-Зөвлөлтийн соёл, шинжлэх ухааны харилцаа (1961-1975)”, “Жоу Энлай ба Монгол орон” /2014/ зэрэг томоохон эмхэтгэлүүдийг боловсруулан бэлтгэх, редакторлах ажил хийжээ. Түүний бүтээлүүд орос, хятад, япон, англи хэл дээр нийтлэгдсэн байна.

Ч.Дашдаваагийн шинжлэх ухаан, дээд боловсролыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь төр засгаас өндөр үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол болон ойн медалиудаар шагнажээ.

Бидний эрхэм дотны хүн, нэртэй эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, залуу түүхч, архивчдын дотны зөвлөгч Ч.Дашдаваагийн ажилч хичээнгүй, уйгагүй хөдөлмөрч, нөхөрсөг энэрэнгүй зан чанар,  гэгээн дүр төрх нь  бидний сэтгэл зүрхэнд  мөнхөд дурсагдан,  хийж бүтээсэн буянтай үйлс нь үеэс үед уламжлагдан үлдэх болно.

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

СУИС-ийн Соёл Иргэншлийн Сургууль

UGLUU.MN сайтын хамт олон