"High School" кино нээлтээ хийлээ
2015/09/02
Ахлах ангийн сурагчдийн хөгжилтэй адал явдал, асуудал, хүсэл мөрөөдлийг харуулсан "Ахлах сургууль" УСК өчигдөр нээлтээ Өргөө кино театрын салбаруудад нээлтээ амжилттай хийлээ. "Ахлах сургууль” уран сайхны кино нь LAMSAN продакшны анхны уран бүтээл бөгөөд "Төгс хөгжлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ж.Буянтөгс бодит амьдралаас сэдэвлэн, өөрийн шавь Батцэцэгтээ зориулан энэхүү кино зохиолыг бичиж, продюссерээр давхар ажилласан байна. СТА Г.Ган-Очир бүжиг дэглээчээр, ерөнхий продюссерээр Б.Янжмаа, найруулагчаар Ө. Бат-Эрдэнэ, ерөнхий зураглаачаар Д.Алтантулга /LAMSAN продакшн/ нар ажилласан бөгөөд дүрүүдэд дуулах, бүжиглэх, жүжиглэх авъяасаа хөгжүүлж буй сэргэлэн сурагч, оюутнууд тоглосон байна.
Киноны нээлтийн үеэр найруулагчаар Ө. Бат-Эрдэнэтэй уулзаж, сэтгэгдлийг нь тодруулахад:
Баярлалаа намрын энэ сайхан өдөр Ахлах ангийн болон Өсвөр насны хүүхдүүддээ зориулсан шинэ киногоо нээж байгаадаа туйлын их баярлаж сэтгэл догдолж байна. Хүүхдийн уран бүтээл ховордсон одоо цагт энэ бүтээлээ амжилттай хийн гаргаж байгаадаа кино групынхан маань маш их баяртай байна. Киноны хувьд Монголын маань ирээдүй болсон залуучууд тэр дундаа Өсвөр насныхны хоорондын харилцаа, бие биенээ гэсэн сэтгэл, хувь хүний төлөвшил, бусдыг ойлгож мэдрэх гээд зөвхөн хүүхдүүдэд биш томчууд бидэнд ч багагүй сургамж хайрлах, үйл явдлыг гаргахыг хичээж ажиллаа. Кино групынхан маань дараа дараагийнхаа уран бүтээлийг дахин хүүхдийн сэдвээр хийх, энэ бүтээлтэйгээ харьцуулаж алдаа дутагдлаа засан илүү шинэлэг бүтээл хийхийг ярилцан төлөвлөж байна. Кинонд ажилсан нийт уран бүтээлчид, бяцхан жүжигчид, тэдний эцэг эхчүүд багш нар, киног маань дэмжин ажилласан бүх байгууллагууддаа маш их баярлаж талархаж байгаагаа хэлье.