Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 181 тоот захирамж гаргалаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ. Үүнд:

1.Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал,

2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр заажээ.

Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Даваа гарагийн 09.00 цагт эхлэхээр товлосон бөгөөд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг өглөө 09.00 цагаас эхэлж үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлэхээр захирамжилжээ.