Улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэгийн олон тэрбумаар үнэлэгдэх төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, олон га газрыг Батлан хамгаалахад туслах нийгэмлэг хэмээх төрийн бус байгууллагын удирдлага болох Д. Дашзэвэг болон түүний хамаатан садан хэсэг этгээд луйврын аргаар хувийн болгосныг өнгөрсөн хавар  АТГ, ЭЦГ шалгаж эхэлсэн тухай мэдээлж байсан. 

Гэвч тэдгээр этгээдүүдтэй холбоотой хэрэг дөрвөн сар орчмын хугацаанд дарагдсан уу чимээгүй болчихсон гэнэ. 

Тэд луйврын нарийн арга хэрэглэн төрийн олон тэрбумын хөрөнгийг хувийн өмч болгон ашиглаж байсныг иргэд битгий хэл Төрийн өмчийн хорооныхон болон харьяа яам, агентлагийнхан хүртэл мэдээгүй гэдэг. 

Тэдгээр этгээдүүд хуурамч тамга тэмдэг ашиглан, Батлан хамгаалах яамны харьяанд байсан Батлан Хамгаалахад туслах нийгэмлэгтэй яг адил нэр бүхий төрийн бус байгууллага байгуулан өөрсдийн байгуулсан төрийн бус байгууллагын нэр дээр Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн газар, барилга, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн хэнд ч мэдэгдэлгүй хувийн өмч болгосон байдаг ажээ. 

Хамгийн хачирхалтай нь УИХ хүртэл үүнийг мэдэлгүй тэрхүү төрийн бус байгуулагын үйл ажиллагааг одоо хүртэл төрийн байгууллага гэж андууран улсын төсвөөс санхүүжүүлсээр байгаа хэвээр аж. 

Улсын Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэгийн Авто сургууль (ДОСААФ), Холбооны сургалтын төвийн барилга, улсдаа ганц гэгдэх Буудлага спортын төвийн барилга байгууламж зэргийг мөн төрийн өмчийн газар дээр орон сууц барих зөвшөөрөл олгох зэргээр дур мэдэн улсад 15 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа энэ хэрэг яагаад дарагдаад байгааг гайхах хүмүүс олон байна. 

Арга зальтай нэг нь ийнхүү төрийн өмчийг хэнд ч мэдэгдэлгүй хувьдаа авч, тэгээд төрөөс санхүүжиж явдаг нь ойлгомжгүй хэрэг. Мөн гэм нүглийг нь шалгасан шалгалтын дүн, эрүүгийн хэргийг ч дарж болдог мэт.

 

Эх сурвалж: gereg.mn