Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдын санаачилсан “Үндэсний зөвшилцөл” Монголын улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт өнгөрөгч долоон хоногийн пүрэв гаригт Төрийн ордны “Б” танхимд болсон билээ. Тус уулзалтад Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын олонхи нь оролцож Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийн талаар нээлттэй ярилцсан байна. 12 дахь удаагаа болж буй “Үндэсний зөвшилцөл” уулзалтаас ард түмэн эерэг үр дүн хүлээж байлаа. Ард түмний энэхүү хүсэлтийг ч МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд биелүүлж чадсан юм. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг МАН хүлээж авна” хэмээн сэтгүүлчдэд ярьсан. Түүний эл мэдэгдэл “унтаа” байсан Монголын улс төрийг “амь” оруулж чадлаа. Зөвхөн улс төрийг “амь” оруулаад зогсохгүй Монгол Ардын Нам УИХ-д суудалтай намуудаас хамгийн түрүүнд авлигын эсрэг дуугарч чадсан нам боллоо. Мөн М.Энхболд гэдэг хувь хүн жирийн нэг улс төрч бус жинхэнэ улс төрийн лидер гэдгээ батлан харуулсан үйл явдал болсныг сошиал ертөнцийнхөн онцолж байна. Ард түмний дунд Өршөөлийн хуулиас дутуугүй хүлээлт үүсгээд байгаа Сонгуулийн хууль дээр МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд ямархуу байр суурьтай байгаагаа илэрхийлэхэд уулзалтад оролцож буй намын дарга нарын дийлэнх нь санал нэгтэй байсан. Тэрбээр сонгуулийн маргааныг шүүхээр шийдвэрлэдэгийг болих, Сонгуулийн ерөнхий хороо маргаантай тойргийн асуудлыг тодорхой хугацаанд шийдвэрлэдэг байх нь зүйтэй хэмээсэн юм. Юутай ч МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдын санаачилсан “Үндэсний зөвшилцөл” намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт үр дүнгээ өгч зуун задгай байсан улсын ажил, улс төрийн ажлыг нэг биш нэлээд хэдэн алхмаар ургагшлуулж чадлаа.

 

С.БУЯН