Энэ сарын 1-нээс эхлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг мөрдөж эхэлсэн билээ. Сошаль ертөнцөд зам хөндлөн гарахдаа гарцгүй газраар гарсан анхны хүнээр Булган аймгийн хүн тодорлоо гэж наргиж байсан. Тэгвэл анхны торгууль төлсөн явган зорчигчоор УИХ-ын гишүүд  тодров бололтой. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нар Төрийн ордны зүүн талаар зам хөндлөх гарахдаа гарцгүй газраар гарч буй дүр зургийг гэрэл зурагчин Ц.Баярбаатар хальснаа буулгасан нь энэ сарын 07-нд цахим ертөнцөөр цацагдсан юм. Уг заалтыг зөрчвөл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19.200 төгрөгөөр торгоно гэж хуулинд заасан. 

 

Тэгвэл гишүүд өөрсдийн биеэр очиж торгуулиа төлжээ. Энэ тухайгаа Л.Энх-Амгалан гишүүн өөрийн цахим хуудаснаа “Өчигдөр бидний гишүүд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гарцгүй газраар зам гарсныг нэгэн зурагчин нийтэлсэн байна лээ. Бид замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээгүй учраас торгуулиа өөрсдөө очиж төллөө. Дахиж гарцгүй газраар яасан ч зам гарахгүй, бас хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй шүү гэдгийг хэлмээр байна” гэж торгуулиа төлсөн баримтаа хавсаргаж олонд үзүүлсэн юм. Харин түүнийг зарим нэг нь хууль гаргачихаад өөрсдөө мөрдөгдөхгүй. Тэгсэн мөртлөө торгуулиа төлсөн гэж шоу хийж байх хэрэггүй хэмээн шүүмжлэв. Мөн түүнийг хууль батлагдахаас өмнө гарцгүй газраар зам гарч байсныг харсан иргэн ихэд бухимдангүй өөрийн үгэ хатуухан хэлээд авсан юм. 

 

О.Ариун