Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Л.Гансүх нарын 3 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цагаас  эхэлсэн байна.

Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж, шүүгдэгч Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, Л.Цэндсүрэн нар шүүх бүрэлдэхүүн болон шүүхээс татгалзах хүсэлтийг амаар гаргажээ. Хуульд заасны дагуу дээрх хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх ёстой байдаг бөгөөд өмгөөлөгчид гомдлоо бичгээр гаргаж өгнө хэмээн мэдэгдэж шүүх хуралдаан 11 цаг 50 минутад түр завсарласан байна.

Шүүхээс өмгөөлөгчдийг бичгээр хүсэлтээ гаргаж өгөхийг удаа дараа сануулсан бөгөөд өмгөөлөгч Ч.Шаравнямбуу 15 цаг 20 минутад хүсэлтээ ирүүлжээ. Харин өмгөөлөгч Л.Цэндсүрэн, Ц.Баасандорж нарын хүсэлтээ ирүүлэхийг 17 цаг 20 минут хүртэл хүлээсний эцэст шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нарын өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс шүүх хурлыг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны 10 цаг хүртэл хойшлуулсан байна. Шүүх  хуралдаанаас шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн аж. Мөн өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нарын амаар гаргасан, өмгөөлөгч Ч.Шаравнямбуугийн бичгээр гаргасан шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан байна. Энэ тухайгаа өмгөөлөгч нарт утсаар мэдэгдсэн ч тэд шүүх хуралдаанд ирээгүй ажээ.

Шүүхээс шүүх хуралдааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 768 000 төгрөгийн мөнгөн торгууль оногдууллаа.

Дашрамд дурдахад Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өмнө нь 2015 оны 8 дугаар сарын 3, 17, 9 дүгээр сарын 2-ны өдрүүдэд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу хойшилж байсан бөгөөд 4 дэх удаагаа өмгөөлөгчдөөс болж хойшиллоо.