Монголын уран бүтээлчдийн шилдэг дууны албан ёсны жагсаалтыг гаргаж эхэлжээ
2015/09/11
Оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах хүрээнд жишиг тогтоох зорилгоор Монголын уран бүтээлчдийн шилдэг дууны албан ёсны жагсаалтыг МҮОНРТ, Монголын Зохиолч, Хөгжмийн зохиолч, Нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/. Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв /MCPP/, Хай-Фай Медиа групп хамтран зохион байгуулж эхэлсэн. Албан ёсны жагсаалтын анхны дугаар 2015.08.11-нд МҮОНРТ-р олон түмэнд хүрсэн. Тэгвэл бид өнөөдөр албан ёсны чарттай болоод 1 сарын хугацааг өнгөрөөжээ. Энэ хугацаанд "Нийтийн шилдэг 10 дууны албан ёсны жагсаалт"-ын дөрвөн дугаар, "Үндэсний шилдэг 21 дууны албан ёсны жагсаалт"-ын гурван дугаарыг үзэгчдэдээ хүргэжээ. Энэхүү чарт нь Зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр хэрэгжиж байгаагаараа онцлогтой юм.
Үндэсний чартаар зөвхөн долоо хоногийн шилдэг дуу шалгаруулаад зогсохгүй тухайн дууг сонсогчдод хүргэсэн уран бүтээлч, дууны үг, хөгжмийг бичсэн яруу найрагч, хөгжмийн зохиолч нар мөн уг дууг бичсэн студийг ч бас тодруулдаг. Энэ алхам дуу бүтээгчдийн зохиогчийн эрхийг хангахад чиглэсэн томоохон арга хэмжээ болж байгаа юм. Нийт уран бүтээлчдийн хувьд ч өөрсдийнхөө чансааг мэдэх, цаашдын уран бүтээлдээ юу анхаарах хэрэгтэй болохыг тодорхойлоход энэхүү чарт асар их нэмэр болох нь дамжиггүй.
Б.Мөнхжаргал