Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өчигдөр /2015.09.15/ үдээс хойш хуралдсан хуралдаанаараа Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хэсэгчлэн тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах, төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн шийдвэрийн төслийг хэлэлцэж нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ оруулахаар төлөвлөсөн байв.

 

Хуралдаан 17.50 цагт 68.4 хувийн /19-13/ ирцтэйгээр эхэлсэн. Байнгын хорооны дарга хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, гишүүдэд тараагдсан бичиг баримтын зарим нь нууцын зэрэглэлтэй зүйл байгаа учир хуралдааныг хаалттай явуулах горимын санал гаргав. Түүний горимын саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй юм.

Санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар ажилласан бөгөөд ажлын хэсгийн боловсруулсан саналыг байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

Ингээд ажлын хэсгийн санал, боловсруулсан шийдвэрийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Хэдийгээр гишүүд ажлын хэсгээс боловсруулсан саналын төслийн талаар байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн ч хэлэлцэж буй асуудлаар ажлын дэд хэсгээс тодруулга шаардлагатай байсан юм. Иймд тус байнгын хорооны дарга Д.Ганбат ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнээс Авлигатай тэмцэх газрын удирдлагууд хуралдаанд ирэхгүй байгаа нь хуралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй болгож байна. Холбогдох асуудлаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэл авсны дараа хуралдааныг үргэлжлүүлье. Хуралдаан завсарлалаа хэмээн мэдэгдсэнээр байнгын хорооны хуралдааныг өнөөдөр хүртэл хойшлуулахаар тогтлоо