Улсаас 3.6 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гуравдахь өдрөө үргэлжлэх гэж байна. Хурлыг олон нийтэд нээлттэйгээр буюу Ийгл телевиз, ТВ-9 телевиз шууд дамжуулан үзүүлж байгаа юм. Гурван өдөр үргэлжилж буй шүүх хуралд шүүгдэгч Л.Гансүх, н.Даваахүү, н.Мөнгөнтуяа нар тайлбар мэдүүлэг өгсөн. Мөн хохирогчоор оролцож буй “Багануур” ХХК, ТӨХ-ны төлөөлөгч нар ч мэдүүлгээ өгөөд байгаа юм. Ингэхдээ “Багануур” ХХК-ийн ажилтан уг шүүх хуралд хүчээр оролцож байгаагаа мэдүүлсэн билээ.

Харин өнөөдрийн хурал гэрчүүд мэдүүлэг өгснөөр үргэлжилнэ. Өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдүүлэг өгнө. Түүний өгөх мэдүүлэг олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Тэрбээр өөрт байгаа нотлох баримтуудаа үзүүлэн Л.Гансүхийн гэм буруугүйг тогтоолгоно гэж удаа дараа мэдэгдсэн билээ.