Л.Гансүхийн шүүх хурал: Ичинхорлоо гэрч мэдүүлэг өгч дуусснаар шүүх хурал завсарлалаа
2015/09/17
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа. Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байна.
Гурав дахь өдрөө үргэлжилж буй шүүх хуралд гэрчүүд мэдүүлэг өгч байна. “Эм Жи Эл Эс Би Ди” компанид аудит хийж дүгнэлт гаргасан Үндэсний аудитын газрын аудитор н.Ичинхоролоогийн мэдүүлгийн хоёр дахь хэсгийг хүргэе.
Цэрэнжаа өмгөөлөгч асуув.
-Та авдаггүй нүүрсийг авдаг болгоод тэрбум төгрөгийн хохирол тавьснаа ойлгож байна уу?
-Падаан дээр бол зөвхөн жин тавигддаг. Тэгэхээр үнийн зөрүү биш жингийн зөрүү тавигдаж байна.
-Тэгэхээр таны дүгнэлтэд бичигдсэн үнийн зөрүү худлаа болох гээд байна. Жингийн зөрүүг яаж гаргасан?
-Багануур ХК-ын ТУЗ-ын тогтоолыг үндэслэн гаргасан. Багануур компаниас хүсэлт гаргасан байсан.Алдагдалд орж байгаа учраас үнийг өсгөх ёстой гэсэн хүсэлт. Тиймээс өмнөх тогтоолууд дээр шигшиж ангилсан нүүрс гэсэн зүйл яригдсан гэж бодож байна.
/Жин асуухаар үнэ яриад. Үнэ асуухаар жин яриад сандраад байх юм. Та тайван хариулна уу хэмээн өмгөөлөгч хүсэхэд шүүгч та хүнийг гаднаас нь хараад тайван бус байгааг яаж мэдэв хэмээн дургүйцэв./
-Жинг яаж тооцсон бэ?
Багануураас орж ирсэн падаан, борлуулт хоёрын падаанаар тооцсон. Ингэхээр үнийн зөрүү биш нунтаг нүүрсний зөрүү гарсан.
-Хэр их зөрүү гарсан?
30 тонн.
-30 тонн уу?
-Яг хэмжиж үзээгүй ээ. Би жингийн зөрүүг 27500-гаар гаргасан. Үнийн зөрүүг 39000-аар гаргасан бол ингэх байсан гэж төсөөлж гаргасан.
-Та дүгнэлтээ яг хэзээ гаргасан?
-5 сарын 24-ны тайланг 6 сарын 12-нд гаргана гэж төлөвлөж байсан ч хоцорсон учраас 6 сарын 29-нд гаргасан.
-Тайлангаа хэр удаан гаргасан?
-Аудитын тайлан бичихийн тулд өглөө 8 цагаас шөнийн 12 цаг хүртэл ажилласан
-Дүгнэлт гаргасан чинь албан тушаал дэвшсэнтэй холбоотой юэ?
-Холбоогүй.
-Түрүүн Нарантуяагийн юмыг баталгаажуулж авсан гэж ойлгогдлоо. АТГ-ын нягтлангийн дүгнэлтийг баталгаажуулах аудит хийсэн юмуу?
-Бид зөвхөн баримтыг үндэслэж дүгнэлт гаргадаг. Холбогдох 3 компанийн баримтад үндэслэн гаргасан.
-Тэгвэл Нарантуяа их чадварлаг гэж мэдүүлээд байгаа нь юу билээ?
-Тайланг нь хараад их чадварлаг юм байна гэж бодож байсан.
-Тэгээд нягтлангийн дүгнэлт уншаад сууж байдаг юм уу?
-Үгүй хальт харсан. Нягтлан биш комиссар хүн.
-Та хуулинд харах эрхгүй гэдгээ мэднэ биз дээ?
-Тэр үед харчихсан, зөвхөн харьцуулалт хийх гэж.
-Та АТГ-ын комиссарын гарсан дүгнэлтийг өөрийнхтэйгөө харьцуулах ямар шаардлага байсан юм?
-Өөрийгөө хэмжих гэж. Тэр чадварлаг хүнтэй харьцуулах гэж л харсан юм.
Тэгэхээр хууль бус ажилагаа явагдсан байна хэмээн өмгөөлөгч хэлэв.
Үүний дараагаар Цэрэнжав өмгөөлөгч, улсын яллагч, шүүгч асуулт асуусан. Улмаар шүүх хурлыг 30 минут завсарлуулж 15:00 цагт орохоор боллоо.
Ичинхорлоо аудитын хувьд Төрийн аудитын тухай хуулийг үндэслэн тайлан дүгнэлтээ гаргасан бөгөөд хэн нэгний дарамт шахалтад ороогүй гэдгээ хэлж байлаа. Түүний хувьд сандарч асуултад өөр хариулт өгч байсан ч Багануур компани буруутайг, хувийн компанид шалгалт хийх ёсгүй байсан зэрэг алдаа дутагдлаа асуултал хариулж байхдаа "хүлээсэн"юм.