Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа. Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд  дөрөв дахь өдрөө үргэлжлэх гэж байна. Өчигдөр гэрчүүд мэдүүлэг өгч, шинжээчдийн дүгнэлтийг хэлэлцэж эхэлсэн. Өнөөдөр шинжээчдийн дүгнэлтийг үргэлжлүүлсний дараагаар  шүүмжлэлийг хэлэлцэх юм.

Хохирогчоор татагдаад байгаа Багануур уурхайн төлөөлөгч АТГ-аас хохирогч гэж мэдүүлсэн болохоор хохиролтой гэж мэдүүлээд байгаа. Энэ асуудалд Авлигатай тэмцэх газрын хэрэг үүсгэх шалтгаан буюу Үндэсний аудитын газрын дүгнэлт хууль бус гэж ойлгох мэдүүлгийг өгөөд байна. Тодруулбал Авлигатай тэмцэх газраас Үндэсний аудитын газрын шинжээчийн дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Гэтэл Үндэсний аудитыг газар зөвхөн төрийн болон төрийн өмчийн байгууллагуудад шалгалт хийх эрх үүрэгтэй байгууллага. Гэтэл хувийн компанид шалгалт оруулж зөрчилтэй гэх дүгнэлт гаргасан нь хууль бус гэдгийг эх сурвалжууд тайлбарлаж байна.  

Тодруулбал, “Нүүрс” хөтөлбөрийн талаар Үндэсний аудитын газрын аудитор Ш.Ичинхорлоо, “Оюу-Эрдэм аудит” компани дүгнэлт гаргахдаа  “Нүүрс” хөтөлбөрийн гэрээнд тохиролцсон үнэ болон тоо хэмжээг зориудаар өөрчилсөн  гэдгийг  Л.Гансүх нарын өмгөөлөгчид мэдэгдэж байсан. Тодруулбал, “Багануур” компани болон “Эм Жи Эл Эс Би” компани хоорондын байгуулсан гэрээнд нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдахаар тохиролцсоныг аудитор 39 мянган төгрөгөөр худалдаалах байсан төдийгүй УБ хотод дахин шигшихэд ялгасан саарал чулуу, үлдсэн нунтаг нүүрсийг жинд оруулаагүй зэргээс улсыг 3.6 тэрбум төгрөгөөр хохироосон гэж дүгнэжээ. Мөн ачуулсан нүүрсээр бус шуудайлснаар тооцно гэсэн гэрээний заалтыг эсрэгээр дүгнэсэн байдаг ажээ.  

Эндээс үнийн зөрүүний асуудал гарч байгаа бөгөөд үүнийг эх сурвалж хэрхэн тайлбарласныг хүргэе.  2013 оны 8 сарын 8-нд Багануур ХК-ны ТУЗ иргэдэд борлуулах нэг тонн нүүрсний үнийг 39000 гэж тогтоосон байна. Энэ нь шигшиж ангилсан нүүрс биш зөвхөн уурхайгаас гарч байгаа нүүрсний үнэ аж. Ингээд “Эм Жи Эл Эс Би Ди” компанитай 27500 төгрөгөөр худалдахаар гэрээ хийсэн. Харин энэ нь шигшиж ангилсан нэг тонн нүүрсний үнэ юм. Ийм гэрээг Багануур ХК-ийн удирдлагууд болох н.Отгонбаяр, н.Бямбажаргал нарын 5 хүн гарын үсэг зурж баталгаажуулаад тус үнээр нүүрс хөтөлбөр 2 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулжээ. Хөтөлбөр дууссаны дараа Багануур ХК нүүрсийг 39000 төгрөгөөр худалдах ёстой байсан хэмээн 8 сарын 8-ны тогтоолыг гаргаж үнийн зөрүү гэсэн асуудлыг хөндсөн байна. Гэтэл “Эм Жи Эл Эс Би Ди” компанитай хийсэн 27500-гийн гэрээ байсаар байгаагаас гадна тус компани 27500-аар борлуулсан бүх нүүрсний төлбөрөө барагдуулчихсан тул алдаа гаргаагүй гэдгийн эх сурвалж мэдээлсэн байдаг.

Мөн Ш.Ичинхорлоо аудитор шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Би тайландаа “MGLSBD” болон “MGLSB” компанийг шалгасан тухайгаа тусгасан. Түүнээс биш Л.Гансүх гэсэн нэр нэг ч дурдагдаагүй. Өөрөөр хэлбэл миний тайланд Л.Гансүх гэдэг хүн Багануур компанид хохирол учруулсан гэсэн үг үсэг байхгүй” гэдгийг хэлж байсан. Мөн  эрх мэдлээ урвуулсан байж болзошгүйг  шүүхэд өгсөн мэдүүлгээс харж болно.  Тухайлбал,

-Та ямар ажил эрхэлдэг вэ?

-Тухайн үед Үндэсний аудитын газарт ажиллаж байсан.

-Хэний хүсэлтээр та аудитын шалгалт хийсэн бэ?

-Ерөнхий аудитын шийдвэрээр хийсэн. Би өөрийнхөө хүсэлтээр хийдэг эрх мэдэлтэй хүн биш.

-АТГ-аас таныг хийгээд өг гэж бичиг явуулсан байна лээ?

-Манай байгууллагад 2012 оны 5 сард АТГ-аас аудит хийх албан тоот явуулсан.

-Хоёр байгууллагын хийсэн гэрээг хүчин төгөлдөр байсан, байгаагүйд танайх дүгнэлт хийх ёстой юу?

-Үгүй.

/Гэрээг хүчин төгөлдөр бус байсан гэж дүгнэлт гаргасан н.Ичинхорлоогийн дүгнэлтийг өмгөөлөгч Ц.Баасандорж хавтаст хэргээс уншиж танилцуулав/

-Танд ийм эрх байгаа юу?

-Бид гэрээг дүгнээгүй.

-Дахин асууя. Танд байгаа тийм эрх байгаа юу?

-Байгаа.

-Ямар хуулийн заалт байна вэ?

-Би хүчин төгөлдөр бус гэж дүгнээгүйгээ хэлсэн.

/Өмгөөлөгч Ц.Баасандорж н.Ичинхорлоогийн хүчин төгөлдөр бус гэж гаргасан дүгнэлтийг дахин уншиж танилцууллаа/

-Танд хүчин төгөлдөр бус гэж тооцох эрх байгаа юу?

-Эрх зүйн үндэс байхгүй.

-Дахин асууя?

-Хуулиар тогтоосон ойлголт байдаггүй.

-Худалдан, худалдан авах гэрээний аль заалт зөрчигдсөн юм бэ?

-3 дугаар зүйлийн 3.4

-Гэрээний үнэ хэд вэ?

-Гэрээний үнэ 27500 төгрөг. “Багануур” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 39000 төгрөг болж өөрчлөгдсөн.

Ш.Ичинхорлоогийн  шүүхэд  өгсөн гэрчийн мэдүүлэгийн талаар өмгөөлөгч Ц.Баасандорж:  “Шүүх хурлыг  олон нийтэд нээлттэйгээр явуулж байгаа. Шүүх болон ШЕЗ-д  баярлалаа. Миний хувьд мөрдөн байцаалтын  шатанд байсан байр суурь хэвээрээ байгаа. Мөрдөн байцаалтын шатанад аудитын газар худлаа  дүгнэлт гаргасан болохоор   шалгуулсан боловч  прокуророос эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.” гэдгийг хэлж байлаа.

Аудитын  дүгнэлт, тайланг гаргасан  Ш.Ичинхорлоо гэх аудитор хийсэн байдаг.  Тэрбээр  аудитын дүгнэлтийг гаргасныхаа дараагаар Говьсүмбэр аймгийн аудитын газрын дарга  болсон байх юм.  Үүнийг зарим нэгэн нь  оролцооны шагналаа авсан гэж тайлбарлаж байна.  Үнэн худлыг  нь өөрөө тайлбарлах байх. 

А.Баярмаа