Нэг: Буурал түүх сөхвөөс

 

4000 гаруй жилийн тэртээ одоогийн Суданы нутагт балар эртний аймаг, бүлэг оршин амьдарч байжээ. Манай тооллын өмнөх 2800 оноос 1000 он хүртэл Судан нь эртний Египетийн нэг хэсэг байв. 750 онд Нубиячууд энд Күши хэмээх вант улсыг байгуулжээ. VI зуунд Христосын шашин дэлгэрч, XIII зуунд Арабчууд Суданыг байлдан дагуулж, улмаар лалын шашин түгэн дэлгэрч, XV зуунд Фэнжи болон Фур нэртэй лалын вант улс бий болсон аж. Хөөрхийлэлтэй хувь заяатай энэ улс, орон XVI зуунд Туркийн эзэнт улсын хүрээнд багтах болж, XIX зууны далаад оноос Англичууд Суданыг өнгөлзөн түрэмгийлжээ.

 

1881 онд Суданы шашны удирдагч Айхамад ард олноо дайчлан Английн эсрэг тэмцэл өрнүүлж, 1885 онд Махдийн вант улсыг байгуулж дөнгөв.Гэвч төдий л удалгүй 1889 онд Англи, Египтийн харьяанд оржээ. Харин 1956 онд Нэгдсэн Судан улс тусгаар тогтнолоо зарласан ч  1962 онд иргэний нэгдүгээр дайн үүсчээ. 1979 онд Суданд газрын тос олдсонтой зэрэгцэн 1983 онд иргэний хоёрдугаар дайн үүсч, Суданы Ардын чөлөөлөх арми (SPLA) байгуулагдсан байна.

 

Газар нутгаараа Африк болон Арабын ертөнцийн хамгийн том улсад тооцогддог энэ улс хойд талаараа Египет, зүүн талаараа Этиоп, Эритрей өмнөд талаараа Өмнөд Судан, баруун өмнөд талаараа БНА Конго Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, баруун талаараа Чад, баруун хойд талаараа Ливи улсуудтай хиллэдэг бөгөөд зүүн хойд талд нь Улаан тэнгис оршдог.

 

Судан гэсэн нэр нь Араб хэлний 'Билад-Ал-Судан” буюу ‘‘Харуудын нутаг” гэдэг үгнээс гаралтай аж. 2005 онд Хойд ба Өмнөд Суданд 'Энхийн гэрээ” байгуулж, 2011 оны 7 дугаар сарын 11-нд Өмнөд Судан Улс тусгаар тогтнолоо албан ёсоор зарласан нь өнөөдөр дэлхийн хамгийн залуу улс гэж нэрлэгдэх болжээ.

 

Хоёр: Дайн дажин нь бэлчээр нутагтай холбоотой

 

2005 оны “Энхийн гэрээ”- гээр тус улсад цус урсгасан олон жилийн иргэний дайныг эцэс болгосон юм. Сүүлийн 20 гаруй жил үргэлжилсэн Өмнөд болон Хойд Суданы иргэний дайнд 1.5 сая хүн амь үрэгдсэн гэсэн тоо бий. БНӨСУ нь газрын тосны асар их баялагтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг болоод байна. НҮБ-аас гаргасан судалгаагаар тус улсад 7 хүүхэд тутмын нэг нь 5 нас хүрэлгүй нас бардаг аж.

 

Жижиг улс орнуудын хувьд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, дэлхийн томчуудтай зэрэгцэн “Бүрэн эрхт Улс" гэж цоллуулах нь бахархал боловч улсаа эмхлэн байгуулна, нийгмийн тогтвортой байдлаа хангана гэдэг нь тун амаргүй бололтой. Өмнөд Судан нь Хойд Суданаасаа 4 дахин их газрын тосны нөөцтэй ч харамсалтай нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Өмнөд Судан огтхонч өөрчлөгдсөнгүй.

 

Энэ нь дэд бүтцийн хөгжил тааруу, шинэ техник технологи дутамгаас гадна хөрөнгө оруулалт хийх олигтойхон улс орон олдохгүй байгаатай холбоотой болохыг зарим судлаачид ярьж байсан. Өмнөд Судан Улс нь өнөөдөр мал, малчдад суурилсан хөдөө аж ахуйн эдийн засагтай орон хэвээр байна. Энэ улсад малын хулгай газар авч, бэлчээр нутгаа булаацалдсантай холбоотой дайн үүсч, улмаар НҮБ-ын Энхийг сахиулагчдын хамгаалалтад ортлоо дэлхийн улс гүрнүүдийн хараанд өртөөд байгаа нь харамсал билээ.

 

Мал сүрэг тэдний амьжиргааны гол хэрэгсэл учраас Нуэр, Динка зэрэг омгууд өөр хоорондоо тэрсэлдэн зэвсэг барин босч, 2011 оноос хойш 5000 гаруй хүн амь эрсдэж, 100.000мянган гаруй хүн орон гэрээсээ дайжжээ. Өмнөд Судан Улс 11 сая орчим хүн амтай ч 60 гаруй омогтой, 80 гаруй хэлээр ярьдаг. Апбан ёсны хэл нь англи боловч отог, омгуудынхаа хэлэнд илүү ач холбогдол өгдөг аж. БНӨСУ-ын гол омгууд нь Динка, Нуэр, Бари, Азанде нар. Бас тэднээс дутахааргүй Шиллик, Теннет, Мурле, Баггара, Топоса, Дидийга омгууд бий.

 

Гурав. Зэвсэгт мөргөлдөөн үүсэх болсон шалтгаан

 

Эдүгээгээс жараад жилийн тэртээ буюу 1956 онд Судан Улс Англи-Египетийн колончлолоос ангижирч, тусгаар тогтнолоо зарласан хэдий ч өөрийнхөө эгнээнд янз бүрийн омгийн удирдагчид, коммунизмын эсрэг үзэлтнүүд, мөн мусулман шашны эсрэг үзэлтнүүд, шашны тэргүүнүүдийг багтаасан Өмнөдийн салан тусгаарлагчид, эсрэг үзэлтнүүдийг нэгтгэсэн Дорныхны хооронд 17 жил үргэлжилсэн иргэний дайн эхэлжээ.

 

Энэ байдал улам даамжирч, Хойд, Өмнөдийн хооронд үүссэн иргэний дайны галд хоёр  сая орчим хүн амь үрэгдэж, мөн төдий хэмжээний хүн улс орноосоо дүрвэн зугтжээ. Суданаас тусгаарлахын төлөө Өмнөд Суданы ард түмэн зэвсэгт тэмцэл явуулж, энэхүү иргэний дайн 30 гаруй жил үргэлжилсэн байна. Улмаар хоёр улсын хоорондох хилийн маргаан болон мөргөлдөөн 2012оны хоёрдугаар сараас эхлэн идэвхжиж, талууд бие биенээ уг мөргөлдөөнийг эхлүүлсэн гэж маргалддаг аж.

 

2014оны 12 дугаар сард Өмнөд Судан Улсын Ерөнхийлөгч Салва Кийр, дэд ерөнхийлөгч асан Рийк Мачарийн толгойлсон Засгийн газрын эсрэг сөргөлдөгч талууд өөрсдийн байр суурийг хүчтэй илэрхийлж, омог хоорондын мөргөлдөөн газар авсаар орон, гэрээсээ дүрвэгсдийн тоо эрс нэмэгджээ. Өмнөд Суданы Засгийн газрын хүчин болон сөргөлдөгчид хоорондын Энхийн хэлэлцээр Засгийн газар хоорондын хөгжпийн агентлагийн зуучлагч нарын шаардлагаар сэргэж, талууд хэлэлцээрийн ширээний ард суусан боловч тодорхой шийдэлд хүрч чадаагүйн улмаас хэлэлцээр дахин мухардалд орж, талууд энхийн хэлэлцээрийг 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.

 

Өмнөх гэрээний хугацаа дуусмагц 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Этиопийн нийслэл Аддис-Абеба хотноо болсон Засгийн газар хоорондын Хөгжлийн агентлаг (iGAD)-ийн зуучлагч нарын санаачилгаар зохион байгуулсан Энхийн хэлэлцээрт Өмнөд Судан Улсын Ерөнхийлөпн С.Кийр, сөргөлдөгчдийн удирдагч Р.Мачар нар 6 сар үргэлжилсэн мөргөлдөөнөө зогсоож, 60 хоногийн хугацаанд Түр Засгийн газар байгуулах зөвшилцөлд хүрсэн ч цагийн байдал одоо болтол намжаагүй, тогтворгүй хэвээр байна.

 

Дөрөв: Өмнөд суданы цагийн байдлаас ...

 

2013 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө тус улсын нийслэл Жуба хотод Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны Динка, Нуэр цэргүүд хоорондоо албан тушаалын томилгоотой маргаан дэгдээж, улмаар шууд буудалцаж эхэлснээр улс төрийн хямралд “Тэсрэлт” болох түлхэц үзүүлж, мөргөлдөөн үүсэх шалтгааны үндэс суурь тавигджээ.

 

Энэ нь Ерөнхийлөгчийн хамгаалалтын хүчний командлагч, хошууч генерал Мариал Чиндуон ёслолын мэдэлд дан нэг омгийн хүмүүсээс бүрдсэн салбарыг томилгоожуулсантай холбоотой гэж үздэг юм байна. Улмаар хоёр хоногийн дараа буюу 12 дугаар сарын 18-ны орой Монголын Зэвсэгт хүчний батальоны хариуцлагын бүс, Юнити мужийн Бентью хот дахь “Юнити Ойлфийлд” компаний хамгаалалтын алба болон дотоод ажилчдын Динка, Нуэр омог хоорондын мөргөлдөөн болсон аж.

 

Мөн хоёр хоногийн дараа Бентью хотоос хойш 25 км-т байрлах газрын тосны компаний ойролцоо Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны цэргүүд болон дэд ерөнхийлөгч асан Р.Мачарыг дэмжигчид хоорондоо ширүүн галаар буудалцаж эхэлжээ. Маргааш нь буюу Жубад болсон үйл явдлаас 6 өдрийн дараа дэд ерөнхийлөгч асан Р.Мачар нефтийн асар их баялаг бүхий нөөцтэй стратегийн бүс нутаг болох Юнити мужийг хяналтдаа бүрэн авснаа зарлажээ. Энэ үеэр орон гэрээсээ дайжигч иргэдийн тоо 5000-д хүрчээ. 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Засгийн газрын цэргүүд Бентью хотод орж ирэн сөрөг хүчний цэргүүдийг хөөн гаргаж, тус хотыг бүрэн хяналтдаа авсан байна.

 

Тав: Дайн дажинтай өдрүүдийн зураглал

 

Монголын Зэвсэгт хүчний батальонуудын хариуцлагын бүсийн орчимд чухам юу болсныг товчхон зураглавал, 2014 оны 6 дугаар сарын 12-23-ны хооронд харуулын 6, 7, 8 дугаар цэгийн тэмдэгт 2, 3, 4-ийн чиглэлд 1000-3000 м-т нийтдээ 73 удаагийн автоматын, 22 удаагийн том калибрын бууны “Рубкона" нисэх зурвасын ойролцоо 3 удаагийн пулемётын буун дуу тус тус сонсогджээ. Мөн оны 6 дугаар сарын 13-ны өдөр НҮБ-ын холбогч офицеруудын бүлэг, хамгаалалтын алба, хүмүүнлэгийн байгууллагын ажилчидтай хамтарсан ойрын эргүүлийг “Хубилай” баазаас зүүн зүгт 7 км-т орших Няадвар тосгонд хийжээ. Энэ үед тус тосгон бүрэн эзгүйрч, голын цаад талд Засгийн газрын эсрэг хүчний хоёр салаа орчим цэрэг хориглосон байдалтай байв.

 

Тэднээс цагийн байдлын талаарх мэдээлэл цуглуулахад “Гал зогсоох” гэрээний талаар ямар ч мэдээлэлгүй, Суданы Ардын Чөлөөлөх Армийн хөдөлгөөн байхгүй, орон гэрээсээ дайжигчдын лагераас Нуэр омгийн эмэгтэйчүүд хоол хүнс залгуулдаг болохыг олж мэджээ.. 7 дугаар сарын 15-ны өдөр Засгийн газрын цэргүүд Гүйт сум, Няалдиу, Вичок, Кюргүени суурин дахь босогчдын байрлал руу довтолж, тэднийг Бентью хотын чиглэлд шахан гаргасан байна.

 

Энэ довтолгооны үеэр Няалдиу сууринд 100 орчим, Кюргүени сууринд 26 цэргийн алба хаагч амь үрэгджээ. Мөн Хойд Бахр, Эл Гхазал мужийн Баруун Авель суманд болсон Ардын Чөлөөлөх Армийн болон босогчдын хоорондох мөргөлдөөний үеэр дээрх хоёр мужийн 300 гаруй зэвсэглэсэн залуус дэд ерөнхийлөгч асан Р.Мачар тэргүүтэй босогчдын талд нэгдэн оржээ. Түүнчлэн Авель сумын Агоёо суурингаас урагш 45 км-т байрладаг Замын барилгын компани руу 200 орчим зэвсэглэсэн цэргүүд хоол хүнс, эд зүйл дээрэмдэх зорилгоор халдаж, улмаар эмнэлэг рүү нь дайран орж, эм тариануудыг нь сүйтгэсэн зэрэг үйл явдлууд удаа дараалан өрнөжээ. Энэ бүхнийг яагаад нуршив гэвэл манай цэргүүд ямар нөхцөлд үүрэг гүйцэтгэж буйг бага ч болов тодруулахыг зорьсон юм.

 

Зургаа. Өмнөд суданы засгийн газар хийгээд газар нутгаас товчхон

 

БНӨСУ-ын Төрийн тэргүүн ба Засгийн газрын тэргүүн бөгөөд Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалын тэргүүний албыг давхар хашдаг бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Салва Кийр Маярдит 2010 онд сонгогджээ. Засгийн газрын гишүүдийг Ерөнхийлөгч Парламентын доод танхимтай зөвшилцөн томилдог юм байна. Парламент нь хоёр танхимтай. Доод танхим болох Үндэсний ассамблейн 332 гишүүн нь олон нийтийн сонгуулиар 4 жилийн хугацаатай сонгогддог.

Дээд танхим нь 50 гишүүнтэйгээс 30-ийг нь Ерөнхийлөгч томилж, үлдсэн 20- ийг нь Суданы мужийн Зөвлөлийн гишүүд байсан Өмнөдийнхөн бүрдүүлдэг юм байна. Олон жилийн иргэний дайны улмаас Өмнөд Суданы хөгжил сул дорой, дэд бүтэц хөгжөөгүй, хүн амын ихэнх нь хэрэгцээгээ хангах төдий аж ахуй эрхпэн амь зуудаг, ядуурал газар авсан эдийн засагтай орон оршин тогтнож байна.

 

Сэтгүүлч, дэд хурандаа Гомбын Баатарнум