Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулган өчигдөр хаалтаа хийв.
Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы ажиллагааг хааж Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж хэлсэн үгэндээ, "2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нээсэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал болон Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн билээ. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдлээ.


Мөн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт Ерөнхийлөгч чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол батална гэж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн хоригийг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хэлэлцэн хүлээн авч, тогтоол гарган шийдвэрлэлээ.

Ингэснээр Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 болон 7 дугаар зүйл уг хуулиас хасагдан Өршөөлийн тухай хуулийн бусад, хүчин төгөлдөр Өршөөлийн тухай хуулийн дагуу өршөөл үзүүлэх ажиллагааг Өршөөл үзүүлэх комисс эрхлэн гүйцэтгэх болно" гэв.

Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Улсын Их Хурлын дарга З.Энхболд тус арга хэмжээний хүрээнд зохиогдож буй хүндэтгэлийн арга хэмжээнд өнөөдөр оролцож байгаа юм. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд 47 орны парламентын 300 гаруй төлөөлөгч оролцож байна