Улсын хэмжээнд 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар ЗӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчний сэжигтэй байж болзошгүй нийт 569 яаралтай дуудлагыг хүлээн авсан байна. Үүнээс 89 (15.6%) галзуу өвчний эрсдэлд өртсөн, 459 (80.7%) хачигт халдвар, 13 (2.2%)-ийг боом, 2 (0,4%) хумхаа, 6 (1.1%)-ийг тарваган тахлын хүний өвчний тохиолдлын дуудлага эзэлж байна. 

  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд шавжинд хазуулж, загатнах, хавдах зэргээр эмнэлзүйн шинж тэмдэг илэрч 3 хүн эмнэлэгт ханджээ. Тэдний 2 нь сумын эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж, 1 хүн нас барсан талаар ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр Шуурхай удирдлагын төвд Сүхбаатар аймагт шавжинд хазуулсаны улмаас нас барсан хүний үйл явдлын мэдээллийг баталгаажуулахаар ажилласан ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын албаны хамтарсан багийн эцсийн тайланг хэлэлцүүлж, цаашид шавжинд хазуулсан тохиолдлын үеийн эмчилгээний удирдамжийг боловсруулах, эмч мэргэжилтнүүдэд сургалт, хүн амд сурталчилгаа хийх, байгалийн голомтын тандалт судалгааг үргэлжлүүлэн хийх шаардлагатай гэсэн шийдвэр гаргалаа.