Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд таван өдрийн турш үргэлжилсэн билээ. Тэгвэл энэ шүүх хурлын талаарх үйл явц өдгөө ч олны анхаарлын дунд, халуун сэдэв хэвээр байна. Уг шүүх хурлын сүүлийн өдөр шүүгдэгч нар шүүх бүрэлдэхүүнд хандаж эцсийн үгээ хэлсэн. Энэ үеэр Л.Гансүхийн хэлсэн 24 ишлэлийг онцолж байна.

 

1. АТГ 1930-аад оны үеийнх шиг буюу сүүлийн үед интернетээр бичээд байдаг Вешневцский гэдэг хүний онол, “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэсэн Сталины үеийн зарчмаар ажиллаж байна гэдгийг энэ шүүх хурал нотоллоо.

 

2. Энэ бүх үйл ажиллагаа бол О.Баасандорж өмгөөлөгчийн хэлсэнчлэн, Засгийн газрын үйл ажиллагааг л шүүж байгаа хэрэг юм.

 

3. Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн шийдвэр гэдэг бол хамтын шийдвэр, түүнд дотор нь Багануурын уурхай, Эрчим хүчний яам орсон.

 

4. Хэргийн материал дотроос хүн харахыг хүсэхгүй байгаа юмыг л би онцолж хэлж байгаа юм. Хүнд харахыг хүсэх нүд, хүсэхгүй нүд гэж хоёр өөр юм байна. Прокуроруудын хэлж байгаа ам бол хүсэхгүй амаар ярьж байна. Уг нь улс энэ хүмүүст хэлэхдээ цагаан, харыг нь цугт нь хэлээрэй л гэж үүрэг өгсөн. Гэтэл энэ хүмүүс зөвхөн хар амаар нь яриад байх юм.
 

 

5. Тэр нь цаанаа АТГ-д бариулчихсандаа л байгаа юм. Энэ хүмүүсийн ч буруу биш. Яагаад гэвэл энэ хүмүүс албан тушаалаараа юмуу, өөр ямар нэгэн юмаар баригдчихсан байгаад л учир бий.

 

6. Миний хувьд энэ компанийн, төмөр замын бүх зүйлийг бүгдийг харж байгаа юм. Яагаад гэвэл би өөрөө зохицуулагч байсан. Багануур юун дээр алдаад байгаа, энэ компани юун дээр алдаад байгааг би ерөнхийд нь хэрэг уншаад шууд ойлгосон.

 

7. Бид нар 18000 мянган тонн нүүрс шигшчихсэн юм биш үү, эндээс 5000 тонн бэлдээд өгчихсөн юмаа гээд хэлж байгаа юм. Энэ компани тоног төхөөрөмж худалдаад авчихаж байгаа учраас эхний бэлдсэн нүүрснээс 1175 тонныг авсан байгаа юм. Бусдыг нь автомашинаар 3000 гаруй тонныг нь борлуулчихсан,  өөр 150 дээшихийг нь “Багануур-Илч”  2495 цааш нь борлуулчихсан. 2012 онд Багануурын уурхай дээр өдөрт 200 гаруй машин очдог байсан. Тэр бүх машинд ачиж байгаагаа касс гээд бэлэн мөнгөөр тооцоог нь авдаг. Бэлэн мөнгөөр тооцоогоо авахдаа өдөр өдөрт 280 машины нэгдсэн дүн болон шигшсэн нүүрс гэдэг дүнг нь гаргадаг. 

 

8. Шигшээгүйг болон шигшсэн нүүрсийг тус тусад нь ачна. Тэгэхээр 10 дугаар сарын 15-ны өдөр шигшсэн нүүрс 452.9 тонн, шигшээгүй нүүрс 363.4 тонныг зарсан гээд баримт нь байна. 15-наас хойшхи нь өдөр бүрээрээ байгаа. Би 15,16,17-ны өдрүүдийнхийг та бүхэнд уншиж өгье. Нэг дэхь өдөр нь шигшсэн нүүрсийг нь арай илүү зарсан байна. Хоёр дахь өдөр шигшээгүй нүүрсийг 1242 тонныг зараад, шигшсэн нүүрсээ 272 тонныг зарсан байгаа юм. Энэ бол 16-ны өдрийн дүн. Өглөө, оройд алинд нь дүгнэдэг болохыг мэдэхгүй байна. 17-ны өдрийн дүнг харахаар шигшээгүй нүүрс 501 тонн, шигшсэн нүүрс 513 тонн зарагдсан байна. Шигшсэн нүүрс нь 33000 төгрөг, шигшээгүй нүүрс нь 27500 төгрөгөөр борлуулсан нүүрс юм. Энэ шигшсэн нүүрсийг хаагуур шигшиж байгаа бэ гэхээр нөгөө Комуттай гэрээ хийсэн 63.9 сая төгрөгний төхөөрөмжөөр  шигшиж байгаа юм.

 

9. Дөрвөн юм тавьж байгаад л нотлохын тулд шинжээчдийг айлгаад, шинжээч нарт дутуу материал өгч худлаа дүгнэлт гаргуулсан. Зүгээр л айлгасан. Эхний гэрээ байгуулахад Багануурынхны буруу ерөөсөө байхгүй. Бүх зүйлийг ажлын хэсэг гаргаад заачихсан. 27500 төгрөгөөр Багануурын уурхай нүүрсээ зарна гээд гарчихсан байдгийг би та бүхэнд харуулж байсан. Ийм учраас ажлын хэсэг бол хамгийн эхний 27500, 80000, шуудайны чинь буруутан шүү.

 

10. Одоогийн Багануурын удирдлагууд 11 дүгээр сарын 1-нээс хойш томилогдсон хүмүүс. Н.Алтанхуяг дарга 10 дугаар сарын 23-нд очоод уурхайхантай яриад бичлэг үзүүлээд болж байна уу, та нар итгэлтэй байна уу гэхэд бид нар хамтарч хийсэн шүү дээ гээд эрчим хүчнийхэн, Багануурынхан бүгд л хэлж байсан. Отгонбаяр дарга 11 дүгээр сарын 1-нээс хойш ажиллаж байгаа юм.

 

11. Эхлээд бол зөөх юмыг улсын компаниар хийлгэе гэсэн юм. Төрийн өмчийн хорооны дарга Нанзаддорж үүрэг болгосон юм. Хувьцаат компани байгуулж энэ ажлыг хийж гүйцэтгэе гэсэн боловч Нанзаддорж дарга ирээд хоёр зүйлийг л хэлсэн. Нэгдүгээрт, Багануур ХК- д өгөх мөнгө алга, хоёрдугаарт, бичиг баримт энэ тэр гээд доод тал нь нэг сар, дээд тал нь хоёр сар болох юм байна гээд больсон юм.

 

12. 27500, 80000 төгрөг гэдэг үнийг Л.Гансүх гэдэг нөхөр л бүгдийг хийгээд яваад байсан юм шиг ойлгоод байна. Би Ерөнхий сайдын даалгавраар зохицуулагчаар ажилласан.

 

13. Багануур бол Ерөнхий сайд, Засгийн газрын үүргийг биелүүлсэн. Энэ дээр нэг л юмыг ноо хэлээд байгаа юм. Энэ нь жингийн зөрүү буюу 6.3 гэдэг заалт. Энэ заалтыг надтай холбох ганцхан хүний гэрчийн мэдүүлэг байгаа юм. Тэр нь Бямбажаргал гэдэг хүн. Би түүний мэдүүлгээс өөрийнхөө ярьснаас бараг 80 хувь буцчихлаа гэж ойлгосон. Бямбажаргалын ярианд Гансүх ингэсэн гэж хэлээгүй. Эрүүгийн гэмт хэрэг чинь нотолгоотой байх ёстой биз дээ. Аль эсвэл зорилго байвал болдог юм уу?  “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэдэг нь юм уу?.

 

14. Засгийн газар бол уурхайд нөгөө гараараа тусалсан гэдгээ хэлчихсэн. Засгийн газар өөрөө баталгаа гаргаад 18 тэрбумаар юмыг нь хийж өгсөн. Дараа нь эрчим хүчний асуудал гээд бүх боломжоороо тусалж дэмжсэн.

 

15. Би нэг  зүйлийг маш хариуцлагатай хэлье. Улс төрчийн мөнгө, авилгач. Авлигач гэдэг үгийн цаана авилга байна. Ямар сайндаа Монголд Энхбаяр, Гансүх, Дэнзэн гэсэн гурван авлигач байна гэсэн яриа байсан. Монголд өөр авилгач байхгүй юу. Харин жинхэнэ авилгачид АТГ ард зогсож байгаа. Энэ улсын бүх юмыг АТГ үзчихэж байгаа юм. Бүх юм захиалгаар явагдаж.

 

16. Н.Алтанхуягийн Засгийн газрыг яагаад огцруулсан гэдэг нь ойлгомжтой. Зүгээр улс төрийн захиалга. 

 

17. Энэ шүүх хурлаар яаж ийж байгаад Гансүхийг мөнгө идсэн юм байна шүү гэдэг сэтгэгдлийг ард түмэнд үлдээх ёстой гэдгийг л баримталж байна. Ард түмэн бол намайг цагаатгачихсан гэдэг огт эргэлзэхгүй байна.

 

18. Жингийн зөрүүгийн хувьд нунтаг чинь уг нь хог биш. Цахилгаан станц, уурын зуухны хоол нь. Адилхан нүүрс. Магадгүй тэр дунд чулуу, вагон ачиж ирэхэд хөлдөөд буулгүй үлдсэн зүйл байхыг үгүйсгэхгүй. Уг нь бол аль аль талаасаа сайн нягталж байх ёстой л байсан юм билээ. Энэ жингийн зөрүү гээд яригдаад байгаа зүйл дээр.

 

19. 34 дүгээр зүйл дээр Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд эрхээ хэрэгжүүлэх зөвлөх, зөвлөгөө авах зөвлөхтэй байна. Дунд нь байгаа гурван үгийг хаячхаж байгаа юм. Шуурхай ажил гүйцэтгүүлэх ажлын хэсэгтэй байна гэдгийг. Би бол зөвлөх. Миний хийж байгаа ажил цалин авдаггүй. Орон тооны өөр ажил хийж болохгүй гэдэг чинь өөр газраас цалин авч болохгүй гэсэн үг. Би эндээс нэг ч төгрөг аваагүй.

 

20. Яллах дүгнэлтэд дээрээ бичсэн байсан. Багануурын уурхайн шигших тоног төхөөрөмжөөр шигшсэн нүүрсийг худалдан авах тэдэн тоот гэрээ гээд уншсан. Тийм гэрээ байхгүй шүү дээ. Энэ зүйлийг санаатай зохион бичсэн. Би аль хэдийн улс төрийнхөө нүдийг ажиллуулаад эхэлчихсэн. Тийм учраас бүх зүйл уншигдаад харагдчихна.

 

21. Шинжээчийн дүгнэлт бол анхнаасаа бүгд худлаа. АТГ-ын даалгаварыг биелүүлэхийн тулд бүх боломжуудаа ашиглаж, хэрэглэж байна. Очирлхамд би баярлалаа гэж хэлнэ. Ний нуугүй. Очирлхамыг би яаж дарамталсныг гадарлаж байна. Гэхдээ эмэгтэй хүн гэдэг чинь шал өөр юм билээ. Би бусдын ярьж байгааг нь харж байгаа байхгүй юу. Үнэнийг нь хэлж байна шүүдээ. Хэн дарамталсан юм бэ?. Засгийн газар уу?  Гэж асуухад үгүй гэсэн.  Тэгээд хэн юм бэ? гэж асуухад би хэлэхгүй гэж шууд хэлж байсан. Үнэн шүү дээ. Хэлж яах юм бэ? Одоо харин Очирлхам дээр ажил алба болон ямар нэгэн зүйл дээр нь юм болбол нийгэм хамгаалах ёстой шүү. Үүнийг телевиз үзэж байгаа болон энд сууж байгаа бүх хүмүүст хандаж хэлье.

 

22. Портер нүүрс 2.4 тонн байдаг гэж Улсын яллагч бүсгүй ярилаа. 2.4 тонн буюу 60 шуудай нүүрс чинь Портерын тэвшнээс 1.5 дахин өндөр тул татлагаар татаж явдаг. 2.4тонн нүүрс чинь тийм байдаг юм. Портер нүүрс яг тэвшээрээ бол тонн жаахан гаран байдаг юм. Өндөрлөгөөтэй бол 2тонн байдаг юм. Би наадахыг чинь мэднэ ш дээ. Энэ бүх зүйтэй чинь хутгалдсан ш дээ. Уг нь чааваас. Тэгээд өөрөө итгэхгүй байж хүмүүс 2,4 тонн байдаг гэсэн гээд хүн яллаад сууж байна. Тэр хамгаалаад байгаа улсын чинь цаана бидний гэр бүл үр хүүхдүүд хамаг амьдрал  байгааг яагаад ойлгохгүй , тоодоггүй юм.

 

23. Эцэст нь хэлэхэд улс төрийн захиалгатай зохиосон хэрэг учраас улс төрийн ял өгөх ёстой юм бол би ялыг нь авъя. Яагаад гэвэл би өөрөө улс төрч учраас. Энэ нүүрстэй хутгалдаад түмний төлөө зүтгээд хүчээр ажлыг нь хийсэн гэмгүй хүмүүсийг наад улс төрийн балиар юмнаасаа салгаарай. Хоёрдугаарт, өршөөлийн хуулинд чинь би өршөөгдөхгүй. Өршөөлийн хуулийн 166 гээд байгаа тэр юу билээ? Хахууль билүү тэ, тэр чинь өршөөлийн хуулинд чинь орчихсон байна лээ шүү. Тэр чинь Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн тавьсан хоригт орж байгаа юм байна лээ шүү. 

 

24. Би бол хэнийг ч хохироогоогүй. Хэрэв тэр үнийн зөрүү гэж байгаа бол хариуцлагыг нь ерөнхий сайд өөрөө хэлчихсэн. Жингийн зөрүү гэж байгаа бол, ерөнхий төвшинд энэ хоёр компаний эсвэл засгийн газрын өөрийн иргэдтэйгээ харилцах ажил болж байна. Тэр 3 тэрбумын шатахуун надад ер нь ямар хамаатай юм. Тэгэхээр би улсад хохирол учруулаагүй шүү. Тийм учраас манай эхнэр хүүхэд зээ нарыг битгий байрнаас нь хөөж гаргаарай гэж хүсье. 

 

Эх сурвалж: 24tsag.mn