БНХАУ-ын Засгийн газраас Монголын таван ахмад дайчныг шагналаа
2015/09/29
БНХАУ-ын дарга Си Жиньпины зарлигаар Монголын таван ахмад дайчид энгэрээ мялаалаа. 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын Засгийн газраас 1939, 1945 оны дайнд оролцсон Монгол Улсын Г.Хэнгэрэг, Г.Батмөнх, Ж.Үнэнбат, Л.Данзан, В.Аюурзана нарын таван ахмад дайчинд Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн медаль олгосноо өчигдөр гардуулан өглөө. Ойн медаль гардуулах ёслол БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд болсон бөгөөд Батлан хамгаалах яамны дэд сайд А.Баттөр, Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, БХЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нарын удирдлагууд, ахмад дайчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцов. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хайминь манай ахмад дайчдад ойн медаль гардуулахдаа “Монголын ард түмэн энэ дайны ялалтад зохих хувь нэмрээ оруулсныг Хятадын ард түмэн хэзээ ч мартахгүй. Хоёр улсын ард түмний найрсаг харилцаа бат байхыг хүсэж, ахмад дайчин та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсье” гэсэн. Харин Батлах хамгаалахын дэд сайд А.Баттөр “Юуны өмнө Чөлөөлөх дайнд оролцсон манай ахмадуудад өндөр дээд шагнал гардуулж байгаа БНХАУ-ын Засгийн газар, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд талархал илэрхийлье. Бидний зүгээс ахмад дайчиддаа анхаарал хандуулж орон сууцаар хангах, тэтгэвэр тэтгэмж олгох гээд олон ажлыг зохион байгуулж байна. Чөлөөлөх дайнд Монгол Улс оролцсон явдал мөнхийн хөрш Хятад улсаа дэмжсэн, манай хоёр орны түүхэнд гарсан хамгийн гэрэл гэгээтэй үе байсан. Энэ цаг үед ч ялалтын ойг хоёр талдаа өргөн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ" гэсэн юм. БНХАУ-ын Засгийн газраас шагнасан ахмад дайчдын тухай товчхон танилцуулахад, Г.Хэнгэрэг нь 1939 онд Хилийн цэргийн 31 дүгээр отрядын цэрэг, 1945 оны дайн талбарт тавдугаар морьт дивизийн 28 дугаар морьт хороонд тасгийн даргаар ажилласан юм. Ахмад дайчин Г.Батмөнх Халх голын дайнд наймдугаар морьт дивизийн хөгжимчин, 1945 онд зургаадугаар морьт дивизийн холбоо суманд тагнуулч, морин жолоочийн үүрэг гүйцэтгэсэн бол Ж.Үнэнбат нь Халх голын дайнд Тамсагийн морьт дивизэд очиж, зургаадугаар дивизийн харьяа хуягт бригадад хүнд пулемётын ротод жагсаалын дарга, 1945 оны Чөлөөлөх дайнд зургаадугаар морьт дивизийн морьт хороонд танк эсэргүүцэх бууны салааны даргаар ажилласан юм. Ахмад дайчин Л.Данзангийн хувьд Халх голын дайн, Чөлөөлөх дайны хуягт бригадын түрүүч байсан түүхтэй. БНХАУ-ын дарга Си Жиньпиний зүгээс зөвхөн Монгол Улсын дайчдад талархлаа илэрхийлэн энэхүү медалийг өгч байна. Ойн медалийг ахмад дайчдаас гадна БНХАУ-ын Бээжин хотын талбайд цэргийн ёслолын жагсаалд ёслол төгөлдөр оролцсон Монголын 80 гаруй дайчинд гардуулж өгсөн юм.